Сөүл хотод байрладаг хамгийн өвөрмөц, содон кафенууд

Солонгос улс тэр дундаа нийслэл Сөүл хотод “aesthetic” буюу үзэсгэлэнтэй басхүү өвөрмөц кафе, кофе шопууд маш олон байдаг. Орчин үеийн залуус тэдгээр кафед өдрийг өнгөрүүлж, гоёмсог зургууд авч, инстаграм хуудсаа чимдэг байна. Тийм хэмжээний гоёмсог кафенууд гэсэн үг юм. Өнөөдөр та бүхэндээ Сөүл хотод байдаг хамгийн өвөрмөц кафенуудыг танилцуулж байна.

“Jean Frigo” хөргөгчийн ард нуугдсан газар доорхи кафе

Өнгөц харахад энэхүү кафе зүгээр л нэг жимс ногооны дэлгүүр мэт санагдана. Харин хөргөгчийн ард хамгийн гайхалтай зүйлс нуугдаж байгаа.

Яг л хувцасны шүүгээгээр дамжин үлгэрийн ертөнцөд очдог Нарниагийн мэдрэмжийг хүмүүст төрүүлдэг. Даруухан дэлгүүрээр өнгө төрхөө халхалсан кафе олны сонирхлыг ихээр татдаг байна. Хөргөгч мэт харагдах хаалгыг онгойлгоод ороход нам гүм хийгээд үзэсгэлэнтэй интерьер бүхий шат таныг угтана.

Харин шатаар доош буухад солонгын өнгөөр бүрхэгдсэн намуухан бас амар тайван мэдрэгдэх заал буй. Залуус тэнд тухлан сууцгааж ярилцаж, уншиж, хичээллэж хүссэн бүхнээ хийнэ. Тэндээс хэн ч гарах гэж яарахгүй тийм л тухтай бас сонирхолтой орчинг бүрдүүлж өгчээ.

“Coffee Nap Roasters” тоосгон толгодтой шилэн кафе

“Coffee Nap Roasters” нь Мапо дүүргийн нэг буланд байрладаг ба гаднаасаа даруухан, онц сонин зүйлгүй мэт харагдана. Харин дотогш ороод өвөрмөц дизайныг нь гайхах нь гарцаагүй.

Үйлчлүүлэгчид кафены ихэнх хэсгийг эзэлдэг зэвэрсэн улаан тоосгон толгод сууж тухладаг. Honne, Cigarettes After Sex гэх мэт барууны инди хөгжим зөөлөн эгшиглэнэ.

Бусад кафенаас ялгаатай нь өөрийн нэрийн тун ч сонирхолтой басхүү амттай уух зүйлсийг санал болгодог.

Coffee Nap Roasters-ийн уур амьсгал өнөөг хүртэл дэлхийн өнцөг булан бүрт байгаа кафе-экспедицийн жагсаалтыг тэргүүлж байна. Мөн зураг авахад маш тохиромжтой, өвөрмөц газар тул инстаграм одууд ч ихээр зочилдог сурагтай.

“Cafe Onion Anguk” – орчин үеийн хипстер хийц бүхий уламжлалт ханок кафе

Солонгосын баялаг түүх болон модернизмын төгс хослол болсон кафе билээ. Тус улсад очсон жуулчид заавал энэ кафегаар ороод гардаг.

Тус кафе нь олон хүнд үйлчлэх хүчин чадалтай, ихэвчлэн залуус бас жуулчид бужигналдаж байдаг тул хичээл хийж, тухлах гэхээс илүү найзуудтайгаа хөгжилдөж, амттай зүйлс идэж уух гэж л зорьдог байна.

“Zapangi” автомат машины ард байдаг нууц кафе

Цайвар ягаан өнгийн автомат машин нь Мапо дүүрэгт байрладаг нууц кафе болох Запанги руу орох хаалга юм. Хаалганы хажууд зургаа авахуулж болох олон санаанууд бий. Мэдээж маш гоё гарна гэдэгт итгэлтэй байна.

Цэсэнд байгаа бүх зүйл ягаан өнгөтэй. Өнгөлөг, өхөөрдөм амттан, уух зүйлс зэрэг нь ямар ч хүний нүүрэнд инээмсэглэл тодруулж чадах хүчтэй.

“Cafe Yeonnam-dong 223-14” комик номын сэдэвт кафе

Yeonnam-dong 223-14 кафед орох нь шууд хүүхэлдэйн кино руу орохтой адил юм. W-Хоёр ертөнц киноноос санаа авч интерьер дизайныг нь гаргасан 3D кафе нь маш алдартай болж байгаа.

Кафен хана, тавилга, сандал ширээнээс авахуулаад ашиглах аяга таваг нь хүртэл консепттойгоо яг таг нийцсэн.

“Anthracite Coffee Roasters” хаягдсан үйлдвэрийн төрхтэй тансаг кафе

“Anthracite Coffee Roasters” нь Сөүл хотын эргэн тойронд хэд хэдэн салбартай. Салбар бүр нь өвөрмөц тохижилттой бөгөөд Itaewon дахь салбар нь хамгийн гайхалтай нь юм.

Кафе нь цул бетон цутгамал хана, хатуу тавилга бүхий аж үйлдвэрийн тансаг загвар юм. Үзэсгэлэнт цэцэрлэгийн төв хэсэг нь Сингапурын Five Oars Roasters -ийнхтай гайхалтай төстэй.