Сөүлийн хамгийн алдартай номын сангууд

Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хот нь үзэж харах зүйлс дуусахгүй, гайхан бишрэх газрууд дундрахгүй гэдгээр алдартай. Тэр дундаа тус хотод байрлах номын сангууд нь өвөрмөц хийгээд дуу алдам үзэсгэлэнтэй, өнгө будгийн хоршил төгс нийцсэн байх төдийгүй хүн бүрт хамгийн тухтай байдлыг санал болгож, хүссэн номоо унших боломжоор хангаж өгдөг. Иймд та бүхэндээ Сөүл дэх хамгийн алдартай номын сангуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Starfield” номын сан

Сөүлийн Starfield COEX худалдааны төвд байрлах “Starfield” номын сан нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй номын сангуудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. 13 метрийн өндөрт хүрэх асар том хэмжээтэй номын тавиуруудаараа алдартай бөгөөд тус номын сан нь 2800 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайг хамардаг. Старфилд номын санд 50,000 гаруй ном, сэтгүүл байх ба ихэнх нь Солонгос хэл дээр бичигдсэн ч, дэлхийн сонгодог зохиолууд, гадаад хэл дээр бичигдсэн номын тусгай тасаг байх аж.

Энэхүү номын сан нь жуулчид болон оршин суугчдын дунд алдартай газар тул ихэвчлэн олон хүн цугларч, дуу чимээ ихтэй байдаг бөгөөд ердийн номын сантай адил биш. 200 орчим суудалтай тус номын санд төрөл бүрийн лекц, соёлын арга хэмжээ зохион байгуулагддаг.

Цаг агаараас үл хамааран хүмүүсийн хамгийн их зорих дуртай газар болж хувирсан бөгөөд хүмүүс эндээс хүссэн номоо олж авах боломжтой байдаг тул хөл тасарна гэж үгүй.

Ажиллах цаг: 10:30 – 22:00

“Arc N Book”

“Arc N Book” бол дулаан уур амьсгал, архетиктурын төгс шийдлээрээ алдаршсан номын сан юм. Хаалгаар орж ирэхэд таныг Харри Поттерийн дурсгалт номын арк угтана. Энэ нь тааз хүртэл өгсөх номоор бүтээсэн арк бөгөөд хүмүүсийг хамгийн ихээр гайхшруулж, нүдийг нь баясгадаг.

Цааш явбал номуудыг төрөл төрлөөр ангилж, тусдаа хэсгүүд гаргаж өгсөн байх төдийгүй өөрт хэрэгтэй номоо хайх зориулалттай утасны бүхээг бий. Тэнд танд зориулсан компьютер байх ба та хэрэгтэй номоо бичиж, хаана байрлаж байгааг мэдэж авна.

Номын дэлгүүрийн бас нэг өвөрмөц зүйл нь дэлгүүрт байгаа номуудыг Daily, Weekend, Style, Inspiration гэсэн дөрвөн сэдэв дээр үндэслэн ангилдаг. Өдөр тутмын буланд гэр бүл, ажил мэргэжил, өдөр тутмын амьдралын талаархи номууд багтдаг. Weekend бүсэд хобби, спорт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талаар номууд байх бол, Style хэсэгт урлаг, загварын өргөн хүрээтэй номын цуглуулга байна. Харин Inspiration хэсэгт түүх, аялал, кино, философи зэрэг номууд багтсан байх аж. Дэлгүүрт 30,000 орчим ном худалдаалагддаг.

Ажиллах цаг: 10:00 – 22:00

Book Park

Номын парк бол Ёнсан дүүрэгт байрлах Интерпарк компанийн барьсан урлагийн танхим болох Blue Square-ийн нэг хэсэг юм. Энэ нь “цэцэрлэгт хүрээлэнд ном уншихтай адил амар тайван” орон зайг бий болгох зорилготойгоор байгуулагдсан. Тиймдээ ч хүмүүсийг тайван ном унших боломжоор хангаж, чимээ анир багатай суудлуудыг олон тоогоор шийдвэрлэжээ.

Номын тавиурууд нь маш өндөр буюу 26 метрт хүрдэг байна.

Номын парк нь номын дэлгүүр, кофе шоп, уран зургийн галерейг нэг дор цогцлоосон газар юм. Энэхүү хоёр давхар байгууламжийн давхрууд нь шалнаас тааз хүртэл номын тавиуруудаар хүрээлэгдсэн бөгөөд нийтдээ 100,000 ном хадгалагддаг. Ихэнх номууд нь урлаг, шинжлэх ухааны сэдэвт хамаарагдах ба цөөн хэд нь гадаад ном. Номын дэлгүүр асар том хэмжээтэй хурлын заал байх төдийгүй тэнд төрөл бүрийн лекц, хурал семинар зохион байгуулдаг.

Ажиллах цаг: 10:00 – 22:00

Сөүлийн номын сан

Энэ бол Сөүлийн хамгийн анхны олон нийтийн хэрэглээний номын дэлгүүр юм. 1400 метр квадрат талбай бүхий аж үйлдвэрийн агуулахыг засварлаж, Сөүлийн номын сан болгосон. Дугуйрсан номын тавиурууд өвөрмөц өнгө төрх бүхий номын санг улам бүр өвөрмөц болгох аж.

120,000 гаруй номтой тус номын сан нь маш алдартай бөгөөд Сөүлд очсон хүн бүрийн зорин очдог газар болж хувирсан юм. Та тус номын сангийн тухай инстаграмаар хайж үзэхэд зургаа гоёмсогоор авахуулсан олон хүний сториг харж болно.

Ажиллах цаг: 11:00 – 20:00 (ажлын өдөр), 10:00 – 20:00 (амралтын өдрүүд) Даваа гаригт амарна.