Сөүлд л хийж болох хамгийн сонирхолтой зүйлс

Дэлхийн хамгийн хөгжингүй хотуудын нэгд зүй ёсоор багтдаг Сөүлд үзэж харах зүйлс дуусахгүй олон. Таны зөвхөн төсөөлөлдөө харж болох зүйлс тэнд бодитоор оршин байх бөгөөд дэлхийн хөгжил хаана явааг тус хотоор аялснаар сайн мэдэж авна. Тэгвэл одоо хамтдаа Сөүлд л хийж болох сонирхолтой зүйлстэй танилцъя.

“Lotte World”-д хөгжилтэй дурсамж бүтээ

“Томоохон брэнд дэлгүүрүүд, үзвэр үйлчилгээ, хөгжөөнт тоглоомууд, хөл хөдөлгөөн үл тасарх зугаа цэнгэлийн өргөө”. Эдгээр тодотголууд “Lotte World”-д л төгс тохирно. Интернэт, зурагтаар л хардаг эргэдэг тоглоом, уртаас урт үргэлжлэх галзуу хулгана, идэх уух бүх зүйлс цөм цогцолсон энэ газрыг л зорьж, Сөүлд ирэх хүмүүс цөөнгүй байдаг. 

“N Seoul Tower”-аас хотыг тольдоорой

Сөүлд ирсэн хүн бүрийн заавал үзэх газар бол “N Seoul Tower”. Намсан уулын орой дээр байрлах тус цамхагт гарч, хотыг алган дээрээ байгаа мэтээр тольдох боломжтой. Тэр өндөр уулын орой руу шатаар яаж өсгөнө гэж санаагаа чилээх хэрэггүй. Учир нь таныг хормын дотор хүссэн газарт тань аваачих агаарын дүүжин замын үйлчилгээ өндөр хөгжсөн. Сонирхолтой нэг зүйл нь хосуудын хайр сэтгэлээ мөнхжүүлдэг газар гэдгээрээ алдартай бөгөөд энд ирсэн хосууд өөрсдийн хайр сэтгэлийг бат бэх цоожилдог уламжлалтай. Уг цамхаг дээр Солонгосын олон киноны зураг авалтууд хийгдсэн байдаг.

Гудамжны хоолыг амсаж үзэхгүй бол харамсаж мэднэ

Хоолны соёл өндөр хөгжсөн тус улсын гудамжны хоол дэлхий нийтээр алдартай. Гудамж бүрт байрлах хоолны асарт очоод харах төдийд арааны шүүс асгаруулам хоолноос заавал амсаарай. 

“Нораебанг” кароакег орхигдуулж болохгүй

Хөгжилдөж, цэнгэлдэж, өдрийг мартагдашгүй өнгөрүүлэхийн тулд кароаке орохгүй бол алдас болно. Солонгосчууд ажлаа дуусгаад найз нөхдөөрөө, ажлын хамт олноороо кароаке орж стрессээ тайлах нь түгээмэл үзэгдэл. Тиймдээ ч энэ төрлийн газрууд энд тэндгүй байх төдийгүй сонирхолтой үйлчилгээнүүдийг санал болгодог. Та ч бас Сөүлд очвол заавал нэг дуулж үзээрэй. Тэс өөр мэдрэмжийг авах болно.

“Trick Eye” музейгээр зочлоорой

Сөүл нь гудамжны урлаг, уран баримал, галерейг маш сайн дэмждэг. “Trick Eye” музей нь 3D хэмжээст ертөнцөөр таныг аялуулах бөгөөд өмнө нь үзэж хараагүй олон сонирхолтой зүйлсийг биеэр мэдэрч, дэлхийн соёлтой танилцах боломжийг олгоно.

Чонгечон горхийн эрэг дагуу алхаарай

Сөүл хотын төвөөр дайран өнгөрөх Чонгечон горхи нь 8 км гаруй үргэлжилнэ. 2005 онд байгуулагдсан тус байгууламж нь 1 тэрбум воны өртгөөр бүтсэн гэх бөгөөд өдгөө хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх гол газруудын нэг болжээ. Горхины урсах чимээг чагнаж алхахын зэрэгцээ гудамж дагуу байрлах төрөл бүрийн дэлгүүр, уран зургийн галерей, өнгөлөг чамин кафе, тансаг ганган ресторан гээд л таны нүдийг хужирлах зүйлс тэнд олон. Ганц гэм нь гар гараа хөтлөлцсөн хосууд хаа сайгүй харагдах тул ганцаараа явах гэж байгаа бол ахин нэг бодоод үзээрэй.

Элбэнхтэй кафе

Хамгийн өвөрмөц, сонин содон басхүү өхөөрдөм чамин кафенууд гэвэл Сөүлд үй олноороо байгаа. Тэрэн дундаас хамгийн алдартай кафе бол “Blind Alley” гэх Элбэнхтэй кафе юм. Энэ газарт зочидтой харьцах дуртай өхөөрдөм хоёр Элбэнх байх бөгөөд хүмүүст илүүлж, тэднээс төрөл бүрийн идэх зүйлс авч, ерөнхийдөө хэн хэндээ ашигтай амьдардаг. Амьтны хүрээлэн биш, зүгээр нэг кафед ороод хөөрхөн амьтан харж авна гэхээр аргагүй л Сөүл кафен өлгий бололтой.