Солонгос хүн бүрийн тэмдэглэж өнгөрүүлдэг хайр дүүрэн “Pepero Day”

Жил бүрийн 11 сарын 11-ний өдрийг Солонгос улсад “Pepero Day” хэмээн тэмдэглэж өнгөрүүлдэг. Энэ өдөр хайртай дотны хүндээ Пеперо бэлэглэж, хайраа илэрхийлдэг өдөр юм. Нэг ёсондоо Солонгосын Валентины баяр гэж адилтгаж нэрлэх нь бий.

Солонгос улсад Пеперог маш олон төрлөөр үйлдвэрлэж худалдаалдаг. Ойролцоогоор 30 орчим төрлийн Пеперо байх бөгөөд 11 сарын 11-ний өдөрт зориулан тусгайлан гаргасан загварууд ч бий. Баярын өдрөөр хүн бүр хэд хэдэн хайрцаг пеперо авчихаад нүүр дүүрэн инээмсэглэсээр ажил хичээлдээ гарч явдаг аж. Тийм ч учраас тус өдрийг жилийн хамгийн сайхан, баяр хөөр, хайраар дүүрэн өдөр хэмээдэг билээ.

Сургуулийн сурагчид, оюутнуудын тухайд таалагддаг охин/бандид Пеперогоо ил захидлын хамт өгч сэтгэлээ илчилдэг. Хөөрхөн охид, хөвгүүд баярын өдрөөр гартаа багтахгүй их пеперо барьж явдаг гэнэ шүү.

Хамгийн анх 1980-аад онд нэг нэгэндээ пеперо өгөх өдрийг санаачилж, хүмүүс тэмдэглэж өнгөрүүлэх болсон бол 1990-ээд он гэхэд хүн бүхэн өргөн тэмдэглэдэг үндэсний хэмжээний баярын өдөр болж хувирсан байв. Өнөө хэр нь тус өдрийг улс даяараа тэмдэглэж өнгөрүүлсээр байгаа билээ.

Солонгосын хамгийн том компаниудын нэг болох “Lotte” нь пеперог үйлдвэрлэж гаргадаг бөгөөд хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, томоохон хөрөнгө оруулж чадаж байгаадаа ч баяртай байдаг аж. Пепероны тухайд үнэ нь харьцангуй хямдхан бөгөөд 1500 воны үнэтэй байдаг. Энэ нь хайрцаг шоколаднаас ч хямд юм. Хэрэв та солонгос улсад суралцаж амьдрахаар шийдсэн бол Пеперо өдрийг ч мөн адил хамт тэмдэглэж өнгөрүүлээрэй.