Солонгос оюутан сурагчдын өдөр бүр очиж хичээлээ хийдэг “Study cafe” ямар байдаг вэ?

Солонгос улс нь сурагчдад боловсрол олгох явдлыг төрөл бүрээр дэмждэг. Нэг ёсондоо тус улс нь хүүхдийн боловсролыг нэгдүгээрт тавьдаг билээ. Тийм ч учраас номын сангуудыг хамгийн тухтай байх, олон төрлийн номоор хангаж өгөх зэрэгт анхаарал хандуулдаг. Үүнээс гадна хүүхдүүдийг хичээлээ тухтай хийх өөр нэгэн газар гаргаж өгсөн нь “study cafe” юм.

Сүүлийн үед сурагч, оюутнууд номын санд суухаас илүүтэй “study cafe”-г зорих болжээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Та бүхэндээ “study cafe” гэж чухам юу болох, яагаад сурагч хүүхдүүд тус газрыг зорих болоод байгаа талаар мэдээллийг хүргэж байна.

Тав тухтай

Хамгийн том шалтгаан бол тав тух юм. Номын санд хичээл хийх үед чимээ гаргаж болохгүй, юм идэж ууж болохгүй гэхчлэн олон шаардлага тавигддаг. Харин “study cafe”-д бүхнийг зөвшөөрнө. Найзуудтайгаа хамт суугаад хичээлээ хийхэд ч тохиромжтой. Мөн хүүхдүүдийг хичээлээ хийхэд зориулан ширээ тус бүрт ширээний гэрэл хүртэл суурилуулж өгсөн байдаг. Бусад кафегаас ялгаатай нь чанга хөгжим эгшиглэж, хүүхдүүдийг сатааруулахгүй. Хүүхдүүдийг тав тухтай байлгахын тулд агаар чийгшүүлэгч болон агааржуулагч зэргийг тохируулан ажиллуулдаг.

Номын сан шиг л их номтой

“Study cafe” бүрт өөр өөрсдийн номын сан байдаг. Төрөл бүрийн толь бичиг, уран зохиолын ном, хичээлийн ном гээд маш олон төрлөөр номнуудыг байрлуулсан байх бөгөөд хүүхдүүд хүссэн номоо авч уншиад гарахдаа хүлээлгэж өгнө. Үүнээс гадна зарим кафед хэвлэгч, нөүтбүүк гэхчлэн сурагчид, оюутнуудад шаардлагатай төхөөрөмжүүдийг байрлуулсан байдаг.

Үнэгүй уух зүйл, амттан зэргээр дайлдаг

“Study cafe”-нууд янз бүр байдаг. Кафед орж ирэхдээ төлбөр төлөх ёстой. Зарим нь төлбөртөө уух зүйлс, амттан зэргийг багтаасан байдаг бөгөөд хүүхдүүд хичээлээ хийж байхдаа өөрийгөө сэргээхийн тулд ундаа, кофе, амттан зэргээс сонгоод авч ууж болно. Харин зарим кафед нэмэлт мөнгө төлж уух зүйлсээ авдаг. Энэ нь тухайн кафен тохижилт, стандарт, нэр хүндээс хамаарч өөр өөр байдаг. Ямартай ч хүүхдүүд орохдоо нэг удаа мөнгө төлөөд хүссэн хугацаагаар сууж хичээлээ хийж болно. Мөн ихэнх кафенууд 24 цаг ажилладаг. Үүнээс гадна хүүхдүүд ширээг түрээслээд авч болох ба сараар эсвэл долоо хоногоор мөнгөө төлж, яг өөрийн ширээ болгож тохижуулаад хичээлээ хийдэг байна.

Нэмж дурдахад “study cafe”-д зарагдаж буй уух зүйлс, амттан зэргийн үнэ энгийн кафетай харьцуулахад хамаагүй хямд байдаг. Мөн аль болох бага зардлаар хямд үнэтэй зүйлс бэлтгэж хүүхдүүдэд өгөхийг зорьдог ба үнэтэй амттан, ундаа зэргээс татгалздаг аж. Мөн хүүхдүүд өөрсдөө гэрээсээ хоолоо авчирч идэж, мөнгөө хэмнэж ч болно. Бүгд тухайн хүүхдийн сонголт юм.

Суралцах ширээг хамгийн тухтайгаар бэлтгэж өгсөн байдаг

Ширээ бүхэн цэнэглэгчтэй. Сандал нь олон цагаар суухад зориулагдсан тухтай. Ширээ бүр дээр гэрэл байрлуулсан байх төдийгүй ганцаараа суух хүүхдүүдэд зориулсан тусгай ширээ, найзуудтайгаа суух сурагчдад зориулсан олон хүний ширээ ч бий. Мөн тусгай vip хичээлийн өрөөнүүд ч бий. Хүүхдүүд өөрийн хүслээр ширээгээ сонгоод сууж болно. Мөн сурагчдын эд зүйлсээ хадгалах зориулалттай шүүгээнүүд байдаг. Мэдээж үнэгүй wifi бий. Гэхдээ ганц биш, 3-4 өөр төрлийн wifi байдаг ба энэ нь олон хүн зэрэг ороход гацах, удаашрах зэргээс сэргийлсэн арга юм.