Солонгосчуудыг соронз мэт татах болсон хосуудад зориулсан хөдөөний “cozy” амралтын газар

Өмнөд Солонгос улс нь аялал жуулчлал маш өндөр түвшинд хөгжсөн гэдгээр алдартай. Дэлхийн эргэн тойрноос олон сая хүн тус улсыг зорьж, амралтаа өнгөрүүлэхийг хүсдэг нь гайхмаар зүйл биш. Учир нь засгийн газраас бодлогоор аялал жуулчлалыг дэмжиж, улсаа сурталчилж, хүмүүсийг татах олон үзэсгэлэнтэй газруудыг барьж байгуулдаг билээ.

Олон улсад алдартай томоохон цэцэрлэгт хүрээлэн, амралтын газар, зугаа цэнгэлийн газруудаас гадна чимээ аниргүй, жижиг тосгонд нуугдсан “cozy” амралтын газрууд байх аж. Өнөөдөр та бүхэндээ сүүлийн үед хосуудын ихээр зорин очих болсон нэгэн амралтын газрыг танилцуулж байна.

Солонгос улсад хосуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, болзоонд явах газрууд маш олон байдаг. Ганц кино үзэж, хоол идэх бус өөр олон төрлийн зүйлс хийж, гайхалтай дурсамж бүтээдэг билээ. Харин Солонгост бий болсон өөр нэгэн сонирхолтой газар бол хуучны байшинд ирж, нэгэн оройг амар тайван, сонирхолтой өнгөрүүлэх боломжийг олгосон амралтын газар юм.

Үзэсгэлэнтэй байгаль дунд оршин тус амралтын газар хуучны байшингуудаас бүрдсэн. Хүрэлцэн ирсэн хос тус бүр өөр өөрсдийн байшинд орно. Өдөр нь байгалийн сайхныг биширч, өөрсдийн гараар амттай хоол бэлтгэн идэж, байшинтайгаа танилцаж, сонирхолтой гэрэл зургууд ч авна. Хамгийн гол нь их хотын хөдөлгөөнөөс түр ч болов амсхийж, өөрсдөө яг л хөдөө амьдарч буй мэт сэтгэгдлийг төрүүлэх аж.

Харин орой нь гал түлж, асч буй модны чимээг чагнаж, намуухан хөгжмийн аянд романтик үдшийг өнгөрүүлж болох нь ээ. Зөвхөн Солонгос гэлтгүй гадаад хосууд ч зөвхөн тус газрыг зорьж очих нь ихсээд байгаа гэнэ.