Зөвхөн Солонгост л байдаг өвөрмөц содон музейнууд

Солонгос улс маш олон зүйлээрээ дэлхий нийтэд гайхагддаг. Тэр дундаас онцгойлон өвөрмөц, содон музейнуудыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Хамгийн сонирхолтой нь тус музейнууд зөвхөн Солонгос улсад л байдаг бөгөөд сая сая жуулчид доорх сонирхолтой музейнуудыг биеэр үзэхээр Солонгосыг зорьдог байна.

ToyKino музей

ToyKino музей нь Солонгосын хамгийн том тоглоомын музейн нэг бөгөөд дуртай кино, анимэ цувралынхаа дүрүүдийг олоход хамгийн тохиромжтой газар юм. Бүх насны хүмүүс зочлох боломжтой бөгөөд улирал бүр 200,000 орчим тоглоом эргэлдэж байдаг тул ахин дахин очсон ч өөр өөр тоглоомын цуглуулгуудыг үзэж чадна. Ховор, эртний, цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн гээд л хамгийн гоё тоглоомууд тус музейд бий.

Хайрын музей

19-өөс дээш насны хүмүүс орох заалттай Хайрын музей нь хачин жигтэй зүйлсээр дүүрэн. Мэдээж секстэй холбогдох олон содон зүйлс байх бөгөөд давхар бэлгийн боловсрол ч олгох аж.

Simone гар цүнхний музей

Ганнам дахь энэ музей нь Сөүлийн хамгийн тансаг цүнхнүүдийг хүмүүсийн нүдний өмнө дэлгэж тавьжээ. Нью-Йорк Таймс сонин, CNN-д тус музейн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж, найз залуусын хувьд хар дарсан зүүд хэмээн хошигнож, багагүй шуугиан тарьсан билээ. Лондонгийн загварын коллежийн профессор Жудит Кларкийн удирдан чиглүүлдэг энэхүү музей нь 1550-аад оны үеэс эхлээд өнөө цаг үеийн Европын алдартай брэндүүдийн 300 орчим цүнхний цуглуулгатай. Нэг цүнх нь гэхэд л 2 тэрбум воны үнэ хүрэх аж.

Солонгос тавилгын музей

Энэ бол 2010 оны Сөүлийн Их 20-ын дээд хэмжээний уулзалтын тусгай зочид очсон, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй үдийн зоог барьсан газар юм. Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй музей хэмээн нэрлэгддэг бөгөөд Солонгос үндэсний 2500 гаруй тавилга байдаг. Жуулчид маш ихээр сонирхож очдог байна.

Гревин Сөүл музей

Мэдээжийн хэрэг, та Одри Хэпбернийг дэлхийн аль ч лааны тосон музейд харж болно. Гэхдээ тус музейн тухайд Солонгос алдартнуудын лааны тосон барималыг олноор хийж, хүмүүсийн анхаарлыг татах болсон юм. Сүүлийн жилүүдэд Солонгос алдартнууд дэлхий нийтэд гайхагдах болсон тул тэр хэрээр энэхүү музейн нэр хүнд өсч байгаа аж.

Цоожны музей

Музейг гайхалтай болгохын тулд хэдэн цоожтой байх ёстой вэ? 100? 1000? Энэхүү музейд тус музейн ерөнхий захирал Чое Хонгугийн цуглуулсан 4000 гаруй цоож байдаг аж. 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд та Солонгосын уламжлалт цоожоос эхлээд түлхүүр болон бусад гол хэрэгслүүдийг эндээс үзэж сонирхож болно.