Дэгү хотын нэрийн хуудас болсон газрууд

Дэгү бол Өмнөд Солонгосын хамгийн том хотуудын нэг бөгөөд эртний баялаг соёлд өлгийдүүлж, үзэсгэлэнт уулс, нууранд хүрээлэгддэг. Палгонгсан ба Апсан уулсын үзэсгэлэнт үзэмж, түүнчлэн Шилла болон Чусон гүрний үеийн түүхэн дурсгалт газрууд нь Дэгү хотын нэрийн хуудас болдог. Хавар болон намрын улиралд тус хот хамгийн үзэсгэлэнт төрхөө олдог аж. Ингээд та бүхэндээ Дэгү хотод очвол заавал үзэх ёстой газруудыг танилцуулж байна.

Дурюгийн цэцэрлэгт хүрээлэн

Дурю паркад Өмнөд Солонгосын ажиглалтын хамгийн өндөр цамхагуудын нэг болох Дэгү цамхаг байдаг. Тус цэцэрлэгт хүрээлэнд зочлохдоо Дюрюгийн номын сан, Даесонса сүм, Геюмёнса сүмийг үзэх боломжтой. Дурю парк нь хавар, интоорын цэцэг цэцэглэж байх үед хамгийн их ачаалалтай байдаг. Ногоон төгөлд 133 гаруй төрлийн мод, ургамал байх аж. Мөн тус цэцэрлэгт хүрээлэнд теннисийн талбай, усан сан, тэшүүр тэр бүү хэл жудо бөхийн төв хүртэл бий. Мөн төрөл бүрийн зугаа цэнгэлийн газрууд ч таныг хүлээж байгааг дурдах хэрэгтэй болов уу. Ёстой л хүмүүсийг чөлөөт цагаа амар тайван, хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг бүх талаар нь хангаж өгсөн газар юм.

Буйнса сүм

Дэгүгийн Буйнса сүм нь 7 -р зуунаас эхтэй бөгөөд Донвасагийн ариун сүмд харьяалагддаг. Үүнийг бас Шилла гүрний хатан хаан Сондогийн дурсгалын сүм гэж нэрлэдэг. Сүм рүү ороход үнэ төлбөргүй бөгөөд үзэж харах зүйлс бишгүй олон. Солонгос улсын өв соёл, уламжлалыг илүү сайн ойлгоход тусална.

Дэгү спа цогцолбор

Хүүхэд залуус, хөгшин настнууд гээд бүхий л насны хүмүүст зориулсан газар гэж болно. Тэнд усан парк, усан гулсуур, усан сан байх төдийгүй тун ч алдартай халуун рашаантай. Залуус тэнд хөгжилдөх гэж очих бол, настнууд тэнд халуун рашаанд сууж, биеэ амраахыг хүснэ. Хүмүүс ихээр бужигнах тус газарт хөгжилтэй цагийг өнгөрүүлэх баталгаа хүртэл олгодог гэнэ.

Seomun зах

Дэгүгийн уламжлалт хамгийн том зах. Өдрийн цагаар хүмүүс энд даавуу, материал, нэхмэл эд зүйлс авах гэж ирдэг боловч шөнийн цагаар энэ газар хоолны диваажин болж хувирдаг. Шөнийн захын худалдаачид Солонгосын гудамжны хоолноос эхлээд олон үндэстний хоол хүртэл хийж худалдаалдаг. Та Солонгос үндэсний амтат хоолнуудыг төрөл бүрээр нь эндээс амталж болно.

Бисеулсан амралтын газар

Бисулсан амралт зугаалгын ой нь хэд хэдэн гайхалтай хадны тогтоц, цэвэр горхи, үзэсгэлэнт хадан цохиотой. 2 уулын оргилын хооронд байрладаг энэхүү гэр бүлд ээлтэй газар нь хүүхдийн тоглоомын талбай, кемпийн талбайтай. Хаврын улиралд тус газар бүхэлдээ ягаан өнгөөр бүрхэгддэг. Харин өвлийн улиралд цас мөсний орон мэт болж царай төрхөө хувиргана. Хүмүүс цана чаргаа хөлөглөөд, уулын уруу гулсаж, өвлийн жиндүү өдрүүдийг инээдээр хайлуулдаг.