БНСУ-ын хилээр нэвтрэхэд юуг анхаарах вэ?

БНСУ-ын хилээр хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлсэн тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүнийг хураах, торгуул төлөх, баривчлах зэрэг хуулийн хариуцлага хүлээдэг учир БНСУ-ыг анх удаа зорьж байгаа оюутан залуучуудад доорх мэдээллийг бэлтгэлээ. Мөн хилээр нэвтрэхдээ танихгүй хүний ачаа, дайвар авч явахгүй байхыг анхааруулж байна.

Нэг. БНСУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

– БНСУ-д нэвтрэх эсэхийг тус улсын Цагаачлалын алба (Korea Immigration service) шийдвэрлэдэг бөгөөд нэвтрүүлэхгүй байх эрхтэй байдаг. Иймд БНСУ-ын хилээр нэвтрэх хуудсанд уригч талын мэдээлэл болон байрлах хаягаа үнэн зөв бөглөн байрлах байр /зочид буудал/ хаягийг биедээ авч явахыг зөвлөж байна.


– Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичиж байх,

– БНСУ-ын хувьд олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон байдаг. БНСУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэж ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байх,

– Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх, Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал, Согтууруулах төрлийн ундаа 1 литр (21 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа тээвэрлэн хил нэвтрэхийг зөвшөөрдөггүй), Янжуур тамхи 200 ширхэг, Сигар, навчин тамхи 100 ширхэг

– Хувийн хэрэглээний эм, уламжлалт эмчилгээний тан авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай.  (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авч, торгодог);

– 10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier’s check, traveler’s checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.


 Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх, зэрэг болно.