Өмнөд Солонгос улсын хамгийн өндөр цалинтай 10 ажил мэргэжил

Дэлхийн хамгийн чадварлаг боловсон хүчинг бэлтгэн гаргадаг Солонгос улсад яг одоо ямар мэргэжил хамгийн эрэлт өндөртэй байгаа бол? Үүнээс гадна ямар ажлын байранд ажилладаг хүмүүс хамгийн өндөр цалинг авдаг бол? Эдгээрийн хариултыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Хамтдаа Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай 10 ажил мэргэжлийг танилцуулж байна.

Мэс заслын эмч – Сарын цалин: 7-22 сая вон

Хүний амь нас, эрүүл мэндийг хариуцаж ажилладаг мэс заслын эмч нар одоогийн байдлаар хамгийн өндөр цалинг авч байна. Эмч нараас асар их хэмжээний ур чадвар, мэдлэг шаардах төдийгүй авч байгаа мөнгөний хэмжээнээс хэд дахин давсан хариуцлага нуруун дээр нь бууж ирдэг. Олон жилийг сурч боловсроход зориулж, багаас эхэлж өөрийгөө хөгжүүлсээр, хүний амь насыг хариуцах хэмжээнд хүрч ирсэн тэдний ажил мэргэжил энэ хэмжээний мөнгийг авахад буруудах зүйлгүй биз ээ.

Шүүгч – Сарын цалин: 6-19 сая вон

Мөн адил маш их мэдлэг шаардах төдийгүй өндөр хариуцлагатай ажил. Хүний амьдрал, хувь тавиланг шийдвэрлэх эрх мэдэл тэдэнд олгогдсон бөгөөд буруу шийдвэр гаргавал тэр хэрээрээ хүнд ял унах эрсдэл өндөртэй. 

Хуульч – Сарын цалин: 5-15 сая вон

Хуульчид их хэмжээний цалин авдаг гол шалтгаан нь үйлчлүүлэгчдийн итгэл. Олны итгэлийг хүлээсэн чадварлаг хуульчид их хэмжээний мөнгө олдог бөгөөд тэд хэн нэгний хувь тавиланг эргүүлэх чадвартай тул тэр хэрээрээ өөрийгөө өндөр дүнгээр үнэлдэг байна.  

Банкны менежер – Сарын цалин: 4.5-14.4 сая вон

Олон сая долларын мөнгийг толгойгоороо хариуцаж, бүх эрсдлийг тооцоолж, хөрөнгө оруулалт зохицуулах нь тэднийг их хэмжээний цалин авах гол суурь болдог байна. Олохдоо сайн олдог ч, нэг л буруу алхаж алдагдал орвол өндрөөс хүчтэй унах аюултай байдаг.

Гүйцэтгэх захирал – Сарын цалин: 4.2-13.5 сая вон

Байгууллагын уналт босолт гээд бүх зүйлийг хариуцах үүрэгтэй. Олон хүнийг толгойлж, компаниа нуруун дээрээ үүрч явах тэдний ачаанд энэ зэргийн мөнгө багадахуу гэхээс ихдэхгүй.

Санхүү хариуцсан захирал: Сарын цалин: 4-12.6 сая вон

Мөнгөтэй холбоотой ихэнх ажил мэргэжлүүд өндөр цалинтай байдаг. Үүний жишгээр санхүү хариуцсан захиралыг албан тушаал өндөр цалин хөлстэй ажлын жагсаалтанд багтдаг байна.

Шүдний эмч: Сарын цалин: 3.8-12.2 сая вон

Шүдний эмч нар олны дунд нэр хүнд сайтай төдийгүй авдаг цалин нь өндөр. Тэд үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлсний төлбөр гэж багагүй мөнгө авдаг бөгөөд тэр хэрээрээ тэдний авах цалингийн хэмжээ нэмэгдэж байдаг.

Их сургуулийн профессор: Сарын цалин – 3.4-10.8 сая вон

Их сургуулийн профессор хамгийн их орлоготой, хамгийн нэр хүндтэй ажил мэргэжлийн тоонд багтдаг. Профессор болно гэдэг тийм ч амар ажил биш бөгөөд мэдлэгийн цар хүрээ, заах арга барил, ёс зүй, тэсвэр тэвчээр гээд олон төрлийн чадвар шаардагддаг.

Нисгэгч – Сарын цалин: 2.8 – 9 сая вон

Нисгэгч болохын тулд олон цагийн бэлтгэл сургуулилалт хийх шаардлагатай төдийгүй хүссэн хүн нь тэнцдэггүй. Мөн дээрээс нь олон зуун хүний амь насыг хариуцаж явдаг төвөгтэй ажил. Тиймдээ ч цалин хөлс нь өндөр байдаг аж.

Маркетингийн менежер- Сарын цалин: 2.5- 8.1 сая вон

Тухайн байгууллага, компаний орлогын эх үүсвэрийг бүрдүүлэгч бол яах аргагүй маркетингийн мэргэжилтэн байдаг. Бизнесээ хүмүүст таниулах, үйлчлүүлэгчдийг авчрах зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг тус мэргэжил өөрийн үнэ цэнэтэй тохирсон хөлсийг авдаг байна.