Өмнөд Солонгосын хамгийн сонирхол татам, өвөрмөц музейнууд

Өмнөд Солонгосын түүх, шинжлэх ухаан, урлаг, соёл зэргийг танин мэдэхэд туслах хамгийн сонирхолтой бас өвөрмөц хэмээгддэг музейнуудыг танилцуулж байна.

Музей Кимчикан, Сөүл

Хэрэв та кимчид дуртай бол музей Кимчикан бол диваажин юм. Энэхүү байгууламж нь бүхэлдээ Өмнөд Солонгосын алдартай хүнсний бүтээгдэхүүн, түүнийг үйлдвэрлэх үйл явцад хүндэтгэл үзүүлэхэд зориулагдсан болно. Тус музей нь 1986 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2013 онд кимчиг Юнескогийн Соёлын биет бус өв уламжлал болгон тэмдэглэсэн байдаг.

Музейд байрлах үзмэрүүд нь хүнсний бүтээгдэхүүний 1500 жилийн түүхийг илтгэж, 80 гаруй төрлийн кимчигийн үзэсгэлэнгийн загварыг гаргажээ.

Солонгосын үндэсний музей, Сөүл

БНСУ-ын Үндэсний музей нь тус улсын хамгийн том музей бөгөөд эртний түүхээс орчин үе хүртэлх өнгөрсөн үеийг харуулдаг. Уран бичлэг, уран зургийн зориулалттай бүхэл бүтэн галерей зэргийг багтаасан гурван давхар байгууламж бөгөөд 320,000 гаруй эд өлгийн зүйлс багтжээ. Дан ганц музей гэж нэрийдэхэд багадах бөгөөд байгууламжийг соёлын цогцолборт тооцдог. Галерейгаас гадна боловсролын хөтөлбөр, соёлын арга хэмжээ зохион байгуулдаг аж.

Үндэсний шинжлэх ухааны музей, Тэжон

Үндэсний Шинжлэх Ухааны музей нь байнгын эргэлддэг шинжлэх ухааны үзмэрүүд, планетараар таны нүдийг баясгана. Одон орон судлал, сансар огторгуйн аялалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Өмнөд Солонгосын цорын ганц сансрын театр “The Astronomical Hall” тус музейд байрладаг. Байнгын үзмэрүүдэд түүхэн зэвсэг, зэмсэг, цаг уурын машин, үлэг гүрвэл хүртэлх 4000 гаруй зүйлийг хадгалдаг.

Хаенёо музей, Чэжү арал

“Haenyeo” бол мэргэжлийн шумбах төхөөрөмжгүйгээр шумбаж, далайн амьтад цуглуулдаг эмэгтэйчүүд юм. Хаеньёо музей нь шумбагч бүсгүйчүүдийн амьдралын хэв маягийн талаархи мэдээлэл, эд өлгийн зүйлсээс бүрдэнэ. Музей нь гурван үзэсгэлэнгийн танхимтай. Эхнийх нь шумбагчдын өдөр тутмын амьдрал, орон байр, хоол хүнс, амралт, шашны зан үйл. Хоёрдахь танхимд шумбах аяллын үеэр эмэгтэйчүүдэд ашигладаг багаж хэрэгсэл, нүдний шил, хөвөх төхөөрөмж зэргийг дэлгэн харуулах бол, гурав дахь үзэсгэлэнгийн танхимд зочид загас агнуурын салбарын талаар илүү өргөн мэдээлэл авах боломжтой болдог.

“Eye trick” музей

Сөүл нь гудамжны урлаг, уран баримал, галерейг маш сайн дэмждэг. “Trick Eye” музей нь 3D хэмжээст ертөнцөөр таныг аялуулах бөгөөд өмнө нь үзэж хараагүй олон сонирхолтой зүйлсийг биеэр мэдэрч, дэлхийн соёлтой танилцах боломжийг олгоно.