Хүмүүсийн анхаарлыг ихээр татаад буй Солонгосын нил ягаан өнгийн арал

Өмнөд Солонгос улс нь өөрийн гэх өнгө төрхтэй. Бусдаас ялгарч, жуулчдыг татах авьяастай. Хамгийн өнгөлөг, гоёмсог, сонирхолтой гэх бүхэн Солонгост бий. Энэ удаад та бүхэндээ сошиалаар алдаршаад буй Солонгосын Нил Ягаан өнгийн арлыг танилцуулж байна.

Банвол-до буюу “хагас сартай арал” нь Синан мужид байрладаг бөгөөд Өмнөд Солонгосын өмнөд Жолла мужийн хошуу юм. Тус арлын бүх барилга, хашаа, үйлчилгээний байгууллагууд, гүүр, зам тэр бүү хэл тариалангийн талбай хүртэл нил ягаан өнгөөр хучигдсан байх аж.

Нил ягаан нь солонгын долоон өнгийн сүүлийн өнгө бөгөөд үүрд мөнх, амар тайван болон хайрын илэрхийлэл болдог. Тиймдээ ч хүмүүс нэг нэгэндээ хайраа илэрхийлж, Purple you гэж хэлэх нь бий. Тэр ч утгаараа нил ягаан өнгийн арал нь хүмүүсийн дунд алдаршиж, залуусын bucket list-д гарцаагүй багтах болжээ.

Ингэж арлын өнгө төрхийг өөрчилсөн нь жуулчдын анхаарлыг ихээр татаж байгаа бөгөөд тариаланчид, ажилчид хүртэл нил ягаан өнгийн хувцсаар жигдэрсэн байх нь үлгэрийн ертөнцөд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Орой болоход асах гэрэл хүртэл нил ягаан өнгөтэй гэхээр үнэхээр л ид шид мэт биш гэж үү?