Хууль бусаар оршин суудаг гадаад иргэд 4 сараас эхлэн вакцинд хамрагдах боломжтой

Ковид19-с урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын хорооноос хууль бусаар оршин суудаг гадаад иргэд хууль ёсоор оршин суудаг гадаад иргэдтэй адил Корона вирусын эсрэг вакцинд хамрагдах боломжтой болсон тухай өчигдөр буюу 6-ны өдөр мэдээлэл хийлээ.

Өмнөх хуралдаануудаар 3 болон түүнээс дээш буюу урт хугацаар оршин суух эрхтэй гадаад иргэд Солонгосын иргэдтэй адил эрхтэйгээр вакцинд хамрагдана хэмээн мэдээлэл хийж байсан бөгөөд хууль бусаар оршин суудаг гадаад иргэдийн талаар дурьдаагүй өнгөрч байсан.

Энэ удаа Солонгос улсын засгийн газраас ард иргэдийнхээ эрүүл мэндэд нөлөөлж болохуйц нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хууль бусаар оршин суудаг гадаад иргэдийг ч мөн адил вакцинд хамруулах нь зөв хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Мөн хууль бусаар амьдардаг гадаад иргэдийг нийгмийн эмзэг давхарга хэмээн үзэж энэ сар буюу 4 сараас эхлэн вакцинд хамрагдах боломжтой гэжээ.

Хууль зүйн яамнаас ” Корона вирусын үзлэг шинжилгээ хийхэд мөрдөж байсан нөхцөл байдлын дагуу вакцинд хамрагдсан хууль бус гадаад иргэдийг ч мөн адил торгох, мөрдөх, баривчлах, албадан гаргах зэрэг үйлдэл хийхгүй” хэмээн мэдэгдэл хийжээ.