Хог хаягдлаа ангилан ялгах соёлд суралцахад бэлэн үү

     Усыг нь уувал ёсыг нь дагна гэж монголчууд бид ярьдаг. Тиймээс Солонгос улсыг зорих гэж байгаа бол тус улсын соёл, нийгмийн амьдралын хэрэг болох зүйлсийн талаар бага ч болов мэдлэгтэй байх нь тухайн нийгэмдээ хурдан дасан зохицож амьдрахад тус нэмэр болно. Энэ удаад бид БНСУ-д амьдрахад өдөр тутам бидэнтэй тохиолдох энгийн үйлдлийн талаар мэдээллийг хүргэх гэж байна.

Манайд айл өрх, албан байгууллага, хувь хүмүүс хог хаягдлаа ангилан ялгаж, тус тусад нь хаях соёлд хараахан суралцаагүй. Харин Солонгос улсад энэ зүйл эсрэгээрээ. Бүх хаягдлыг зориулалтын уут саванд хийж ангилан ялгах ёстой байдаг. Хог хаягдлыг ерөнхийд нь хоолны хаягдал, дахин боловсруулах хог хаягдал болох шил, лааз, цаас болон  энгийн хог хаягдал зэргээр ангилан ялгадаг. Үүгээр ч зогсохгүй хогны уут нь хүртэл дотроо ялгаатай бөгөөд супермаркетаас худалдан авах боломжтой байдаг. Солонгос улсад эдгээр хог хаягдлыг зориулалтаар нь ангилан ялгаагүй, хууль бусаар хаясан тохиолдолд 50.000-1.000.000 сая  воны торгууль төлдөг байна. Тиймээс хог хаягдлаа ангилан ялгах соёлд суралцах нь чухал гэдгийг харж болохоор байна.

 Хоолны хог хаягдлыг л гэхэд жимс, мах, далай гаралтай, бусад буюу дүрдэг цай, ургамлын гаралтай эмийн уут зэргээр ангилан цайвар шар тунгалаг уутанд хийж хаядаг байна. Хоолны хог хаягдлыг өдөр бүр ачихын зэрэгцээ төлбөр нь сар бүрийн орон сууцны үйлчилгээний хэсэгт багтсан байдаг юм. Хоолны хаягдыг бусад хог хаягдалтай нийлүүлж хаяж болохгүй бөгөөд үүнийг хог ачилтын газрууд байнга шалгаж авдаг байна. Хэрвээ хольж нийлүүлж хаясан тохиолдолд камер болон хогонд хаягдсан бусад зүйлсээс  мэдээллийг олж аван торгууль ногдуулдаг. Эхний тохиолдолд бага торгууль ногдуулах хэдий ч дараа, дараагийн удаад торгууль нь улам нэмэгдэж явдаг гэдгийг мартаж болохгүй ээ.     Солонгос улсад анх очсон цагаасаа л хог хаягдлаа л зориулалтын дагуу ангилан хаяж сурсанаар бид тухайн улсын хууль ёсыг баримтлах, байгаль орчноо хамгаалах, бусдын хөдөлмөрийг үнэлэх гээд олон зүйлд суралцаж болох юм.