Солонгос хүн бүрийн мэддэг хөгжилтэй тоглоомууд

Солонгосчууд хөгжилтэй тоглоом тоглож, хамт олны уур амьсгалыг сайжруулахдаа тун ч сайн. Өнөөдөр та бүхэндээ тэдгээр тоглоомоос хамгийн сонирхолтой бас алдартайг нь сонгон танилцуулж байна. Сурч аваад найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ тоглож, цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

“Чам чам чам”

Энэ тоглоомын нэр нь “чам чам чам”. Нэрнээсээ эхлээд сонирхолтой санагдаж байгаа биз дээ. Тоглоомын дүрэм:

  • Хоёр хүн тоглоно.
  • Өөд өөдөөсөө харж зогсоно.
  • Нэг нь тоглоомыг удирдаж, өөдөөс харж зогсох тоглогчын өмнө гараа эгц шулуун нүүрнийх нь өмнө байрлуулж, “чам чам” гэж хэлээд сүүлийн “чам” дээр гараа нэг тал руу болгоно (баруун, зүүн, дээш, доош). 
  • Сүүлийн “чам”-ыг хэлж, тоглоомыг удирдагч гараа аль нэг тал руугаа хөдөлгөхтэй зэрэгцэж, тоглогч толгойгоо эргүүлнэ (баруун, зүүн, дээш, доош)
  • Ингээд удирдагчийн гараа эргүүлсэн зүгээс зөрж, толгойгоо эргүүлж чадсан бол тоглогч ялна.

Алгаараа түлхэх

Тоглоомын дүрэм: 

  • Хоёр тоглогч тоглоно.
  • Өөд өөдөөсөө харж зогсоно.
  • Тэдний зорилго нэгнийгээ түлхэж, тэнцвэрийг нь алдуулж, байрнаас нь хөдөлгөх юм.
  • Ингэхдээ зөвхөн нэг нэгнийхээ алга руу түлхэж, “high five” хийж байгаа мэт цохино.
  • Хэн түрүүлж хөлөө хөдөлгөж, тэнцвэрээ алдсан нь хожигдоно.

3,6,9 тоглоом

Энэхүү тоглоомыг найзуудаараа, ажлын хамт олноороо гадуур хөгжилдөж, ууж байхдаа тоглодог. Тоглоомд ялагдсан нь мэдээж уух юмаар шийтгүүлнэ.

Тоглоомын дүрэм:

  • Хэдэн ч хүн тоглож болно.
  • 3,6,9 тоог хэлэхгүйгээр алгасч, бусад тоонуудыг дарааллан тоолж, чанга дуугаар хэлнэ.
  • Эхний хүн 1 гэж хэлж, хоёр дахь хүн 2 гэж, гурав дахь хүн чимээгүй өнгөрч, 4 дэх хүн 4 гэж хэлээд цааш үргэлжилнэ. Цаашлаад 13,16,19 гэсэн тоонууд дээр мөн чимээгүй байх ёстой. Ерөнхийдөө 3,6,9 гэсэн цифр орсон тоонуудыг хэлж болохгүй.
  • Харин алдаж, эдгээр тоог хэлсэн хүн шийтгүүлнэ.