Солонгос хэлээ сайжруулахын тулд үзэж болох “Netflix” дээрх сонирхолтой ганц ангит кинонууд

Солонгосын кино урлаг өндөр түвшинд хөгжиж, дэлхий нийтийг хамарч, байлдан дагуулах болсныг “Parasite” кино Оскарын наадмаас “Шилдэг Кино” шагналыг хүртсэнээс харж болно. Ялангуяа Солонгосын нэг ангит кинонууд илүү сонирхолтой байдгийг кино сонирхогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг.

Тэгвэл та чанартай кино үзэж, цагийг сонирхолтой өнгөрүүлэхийн зэрэгцээ солонгос хэл сурч, нэг сумаар хоёр туулай буудах бүрэн боломжтой. “Netflix” дээр тавигдсан солонгос киног англи хадмал орчуулгатайгаар үзэж, солонгос хэлний сонсгол дуудлагаа сайжруулж, англи хэлний мэдлэгээ ч тэлж, нэмээд онц сонирхолтой киногоор өөрийгөө шагна. Ийм учир шалтгаанаар та бүхэндээ “Netflix” дээр тавигдсан шилдэг солонгос нэг ангит кинонуудыг танилцуулж байна.

Time to Hunt

“Time to Hunt” бол тус улсын эдийн засаг унасны дараа Өмнөд Солонгост чухам юу болж, амьдрал хэрхэн өрнөж байсныг харуулах шинжлэх ухааны зөгнөлт триллер төрлийн кино юм. Жүн Сог, Ки Хүн, Жан Ү гэх гурван найз мөнгөтэй болж Тайвань руу явахын тулд мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхээр шийднэ.

Төлөвлөгөө буруугаар эргэж, тэд мэргэжлийн алуурчинд хөөгдөх болсноор кино өрнөнө. Амь өрссөн тулаан, муур хулганы хөөцөлдөөн, онц сонирхолтой үйл явдлыг тус киноноос хүлээн авч үзээрэй.

Tune in For Love

Солонгосчууд романтик инээдмийн киног тултал хийдэг гэдгээрээ алдартай. Тэгвэл тус кино таны зүрхийг булиглуулж, догдлуулна гэдэгт итгэлтэй байна. Өсвөр насны залуус бие биедээ сэтгэл алдарч үйл явдал өрнөх бөгөөд хамт байхаар заяагдаагүй тэдний тавилан хосуудыг сорьж шалгаж хэд хэдэн удаа салгана. Эргэж нэгнээ олохоор замдаа гарах тэдний аялал ямар саад бэрхшээлтэй тулгарч, хэрхэн даван гарах бол?

Steel Rain

“Steel Rain” бол ижил нэртэй вэбтоон дээр суурилсан адал явдалт кино юм. Төрийн эргэлт хийсний дараа Өмнөд Солонгос руу зугтахаас өөр аргагүй болсон Хойд Солонгосын цэргийн тухай өгүүлэх бөгөөд тэрээр Хойд Солонгосын удирдагч асан болон ахлах сургуулийн хоёр охины амийг аварч, тэднийг дагуулан Өмнөд Солонгосыг зорьно.

Онц сонирхолтойгоор цааш үргэлжлэх тус кино таныг хором ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

Psychokinesis

“Psychokinesis” нь солирын нөлөөнд автсан уулын булгаас ус уусны дараа супер хүчтэй болсон Шин Сеок-ханы тухай өгүүлнэ. Супер хүчээ ашиглан дэлхий авардаг баатруудаас ялгаатай нь тэрээр олон жилийн өмнө холбоогүй болсон охинтойгоо уулзаж, түүний бизнесийг муу хүмүүсээс хамгаалахыг хичээж болно. Хэрэв та адал явдалт, комеди киног үзэхийг хүсч байвал “Psychokinesis”-ийг сонгоорой.

The Drug King

Энэ нь Бусаны хар тамхины наймаачин Ли Ду Самийн амьдралаас сэдэвлэсэн кино юм. Жүжигчин Кан Хо Сун энэ кинонд Ли Ду Самийн дүрийг авч, түүний 70-аад онд засгийн эрхэнд гарч, улмаар уналтыг бодитоор харуулж чаджээ.

Burning

“Burning” нь 91 дэх удаагийн Оскарын наадмын “Шилдэг гадаад хэл дээрх кино” төрөлд нэр дэвшсэн анхны Солонгос уран бүтээл хэмээн түүхэнд бичигдэн үлдсэн. Тус кино нь Африк руу аялахаар шийдсэн, зохиолч болох хүсэлтэй Ли Жон Сугийн тухай өгүүлэх аж.

The Bros

Инээдмийн кинонд дурлагсад анхаарлаа нааш нь хандуулаарай. Ядуу багш И Сок Бонг, архитектурын фирмийн гүйцэтгэх захирал И Жу Бонг нар бол ах дүүс. Тэд аавынхаа оршуулга дээр ахин тааралдаж, үлдээсэн өв хөрөнгийг нь хэн авах талаар маргалдаж эхэлнэ.