Солонгос хэлийг хурдан сурахад туслах сонирхолтой аргууд

Англи хэлнээс гадна хүмүүс сүүлийн үед Солонгос хэлийг онцлон сурах хүсэлтэй болсон. Тус улс дэлхий дахинд жил ирэх тусам алдаршиж, нэр хүнд нь өсч, хүмүүсийн сонирхлыг ихээр татах болсон. Та ч бас Солонгос хэл сурах гээд хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй, уншихаас хэтрэхгүй байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь танд хэрхэн Солонгос хэлийг богино хугацаанд чанартай сурах аргуудыг хуваалцахаар бэлтгээд байна.

Энгийн дүрмүүдийг сур

Мэдээж эхлээд та үсгүүдээ цээжилж, хамгийн энгийн дүрмүүдийг мэддэг болох ёстой. Ингэхийн тулд та төрөл бүрийн онлайн хичээлүүдийг үзэхэд л хангалттай. Мөн сургалтанд хамрагдаж, сууриа сайн тавиулж ч болно. Таны л сонголт.

Солонгос кино үз

Хүмүүс солонгос савангийн дуурь шиг хэнд ч хэрэггүй зүйл байхгүй мэтээр ярьдаг. Гэхдээ сүүлийн үеийн солонгос олон ангит кинонуудын чанар өндөр болсон төдийгүй өгүүлэх илэрхийлэмж нь өнөөгийн залуусын амьдралд сургамж болж олон зүйлийг ойлгуулна. Тиймээс Netflix-д байрласан солонгос олон ангит кинонуудыг сонирхоод үзээрэй: Энэ нь таны сонсголыг сайжруулах төдийгүй үүнийгээ дагаад дуудлага зөөлөрч зөв болдог. Тиймээс солонгос хэл сурах хүсэлтэй байгаа бол хэсэгтээ л солонгосоор амьсгалах хэрэгтэй.

Солонгос дуу хөгжимд дурла

Дэлхий нийтээр Кпоп урсгалд уусч, дурлаж байна. BTS, Blackpink зэрэг хамтлагууд зөвхөн Монгол гэлтгүй дэлхий нийтээр алдар нэрээ цуурайтуулж байна. Тиймээс тэдний дууг сонирхоод үзээрэй. Таалагдсан дуугаа хуулж бичээд, орчуулах гээд үз. Бас дуугаа цээжлээд дагаж дуул. Энэ мэтээр дуу хөгжмөөр дамжуулан, солонгос хэлийг амархан сурч болно.

Ижил зорилготой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл

Таньтай адил солонгос хэл сурах гэж хичээж байгаа эсвэл хэдийн солонгос хэлтэй болчихсон хүмүүстэй ойр дотно бай. Тэдэнтэй хамт суралцаж, өдөр тутамдаа солонгосоор ярилцаж, солонгосоор чатла. Ингэж өөрийгөө бүрэн утгаараа солонгосоор хүрээлж байж та богино хугацаанд маш сайн сурч чадна.

Солонгос хөгжөөнт нэвтрүүлэг үз

Солонгосын алдартай хөгжөөнт нэвтрүүлгүүд олон байдаг. Таныг уйдаахгүй төдийгүй солонгос хэл сурахад тус болно. Мөн мукбанг үзэж, доорх сэтгэгдлүүдийг уншиж, орчуулж болно. Өөрийгөө л дайчилж, бүх газраас солонгос хэлийг хайгаарай. Ингэсэн байхад ердөө ганц сарын дараа гэхэд та солонгос хэлний дөртэй болчихсон энгийн зүйлсийг ярьчихдаг, хүмүүсийн яриаг ойлгочихдог хэмжээнд очсон байх болно.