Солонгос улсын үндэсний баярууд

Солонгос улс бол үндэсний ёс заншил, соёл уламжлалаа хадгалж үлдсэн гэдгээрээ хүмүүсийн хүндэтгэлийг хүлээдэг. Тиймдээ ч улс эх орныхоо тусгаар тогтнол, ирээдүй болсон хүүхдүүд, бичиг үсэг, уламжлалт соёлоо онцгойлон үзэж, тусгай өдөр гарган, бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Ингээд хамтдаа Солонгос улсын үндэсний баяруудын талаар тодорхой мэдээлэлтэй болж авцгаая.

Шинэ жилийн өдөр (1-р сарын 1)

Солонгост 1-р сарын нэгний өдрийг баярын амралт болгон тэмдэглэдэг. Тус өдөр ихэнх албан байгууллагууд амардаг бөгөөд хүмүүс гэр бүлийнхэн, найз нөхөддөө баярын зурвас илгээх юмуу, хамт хооллож цагийг өнгөрүүлдэг байна.

Солонгосын цагаан сар

Цагаан сарын шинийн нэгний өдөр (Seollal) бол жилийн хамгийн чухал уламжлалт баяруудын нэг юм. Ихэнх үйлчилгээний газрууд амардаг бөгөөд хүн бүр тус баярыг хайртай дотны гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлдэг. Цагаан сарын өдөр хүн бүр эртлэн босож, хамгийн сайхан хувцасаа өмсөж, ахмадууддаа мөргөж, хүндэтгэл үзүүлнэ.

Ширээ дүүрэн амтат хоол өрж, уламжлалт тоглоом наадгай тоглож, гурван өдрийг баяр цэнгэлээр дүүрэн өнгөрүүлэх аж.

Тусгаар тогтнолын хөдөлгөөний өдөр (3-р сарын 1)

Энэ өдөр нь 1919 оны 3-р сарын 1-ний тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дурсах өдөр юм. Солонгосчууд Табгул цэцэрлэгт хүрээлэнд тусгаар тогтнолын тунхаглалыг зарласан бөгөөд үүний үр дүнд БНСУ-ын Түр Засгийн газар байгуулагдсан аж.

Буддагийн мэндэлсэн өдөр (4-р сарын 30)

Билгийн тооллын дөрөвдүгээр сарын наймны өдөр улс орны бурхан шашны сүм хийдүүдэд нарийн, ёслолын зан үйл үйлдэж, Буддагийн төрсөн өдрийг тэмдэглэдэг.

Хүүхдийн баяр (5-р сарын 5)

Хүүхдийн зохиолч, нийгмийн зүтгэлтэн Банг Жонг Хуан нь 1923 онд Солонгос улсын хүүхдийн өдрийг тунхагласан байдаг. Түүнээс хойш жил бүрийн 5-р сарын 5-ны өдрийг хүүхдийн баяр болгон тэмдэглэх болжээ. Цэнгэлдэх хүрээлэн, амьтны хүрээлэн, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлдэг.

Дурсгалын өдөр (6-р сарын 6)

Эх орныхоо төлөө амь насаа үл хайрласан цэрэг эрс, дайчдад хүндэтгэл үзүүлдэг өдөр юм. Сөүл хотын хамгийн том оршуулах газар ёслолын арга хэмжээ зохион байгуулж, үүнд төрийн тэргүүнүүд оролцдог.

Тусгаар тогтнолын өдөр (8-р сарын 15)

1945 оны энэ өдөр Япон улс албан ёсоор бууж өгсөн. Мөн 1948 оны энэ өдөр Солонгос улс тусгаар тогтнолоо зарласан билээ. Улсын өнцөг булан бүрт томоохон арга хэмжээнүүд зохиогдох бөгөөд хүн бүр улсынхаа далбааг гэрийнхээ гадна өлгөдөг.

Чусеок буюу ургацын баяр (8 сарын 15 билгийн тоолол)

Чусогын баяр буюу ургацын баяр нь Солонгост хамгийн чухал уламжлалт баярын нэг юм. Солонгосчууд гэр бүлээрээ цуглан тахил өргөх ёслол хийж, өвөг дээдсийнхээ булшин дээр очиж, цагаан будааны гурилаар хийсэн “dog” болон бусад үндэсний баярын хоол ундаа идэж баярлацгаадаг. Ерөнхийдөө Солонгосын талархлын баяр гэсэн үг юм.

Улс байгуулагдсан өдөр (10-р сарын 3)

Энэ өдөр нь Солонгосын анхны хаант улс, эртний Жусон улс байгуулагдсан дурсгалт өдөр юм. Хуан Үнгийн ач хүү Тан Гүн нь МЭӨ 2333 оны 10-р сарын 3-нд эртний Жусон улсыг байгуулсан гэдэг. Тан Гүнийг одоогийн Чонду шашин, Дэжунг шашинд итгэгчид бурхан гэж итгэн шүтдэг бөгөөд солонгосчуудын хувьд домогт гардаг үндэслэгчээр хүлээн зөвшөөрдөг.

Хангөл үсгийн баяр (10-р сарын 9)

Хангөл үсгийн бүтээлийг тунхагласан дурсгалын өдөр юм. 1446 оны энэ өдөр Хангөл үсгийг зарласан гэж үздэг бөгөөд жил бүрийн 10 сарын 9-ны өдөр уламжлал болгон тэмдэглэдэг.

Зул сар (12-р сарын 25)

Зул сарын баярыг бусад олон орны адил Солонгост үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Баярын үеэр хотын гудамжууд өнгө гоёлоо зүүж, гэрэлт чимэглэлээр хучигддаг байна.