Солонгос улсад “хийх ёстой” болон “хийж болохгүй” зүйлс

Улс орон бүрийн соёл уламжлал өөр хоорондоо эрс тэс ялгаатай. Усыг нь уусан бол ёсыг нь дага гэх үг бий. Тиймээс тухайн улс оронд амьдарч эхэлсэн бол, ёс заншлыг дагаж мөрдөх хэрэгтэй. Иймд та бүхэндээ Солонгост очоод хийх ёстой болон хийж болохгүй зүйлсийн жагсаалтаас түүвэрлэн хүргэж байна.

Хийх ёстой зүйлс

* Хэн нэгэн танд ямар нэгэн зүйл өгсөн бол хоёр гараараа хүлээж авах хэрэгтэй.

*Танд хэн нэгэн (ажлын газрын хүн, хамт суралцдаг оюутан) хөгжилтэй зүйл ярьж өгсөн бол, инээдтэй биш байсан ч бага ч болов инээх хэрэгтэй. Энэ нь дүр эсгэх, таалагдах гэж хичээхээс илүүтэй тухайн хүнийг хүндэтгэж байна гэсэн утга илэрхийлнэ. Солонгост хүн хүнээ хүндэтгэж харилцах хамгийн чухалд тооцогддог. Тиймээс тус улсад амьдарч эхлэхээр шийдсэн бол эгогоо дарах шаардлагатай.

*Бусдад магтаалыг харамгүй өг. Үсний засалтаа өөрчилсөн Солонгос найздаа хөөрхөн харагдаж байгааг нь хэл. Үргэлж танд тусалсан хүмүүст талархсанаа илэрхийл.

*Таниас нэг насаар ах байсан ч хамаагүй түүнийг заавал хүндэтгэж харилцах ёстой. Хүндэтгэлийн үг хэрэглэж, ахаа, эгчээ гэж дуудна. Энэ бол Солонгосчуудын мөрддөг хамгийн чухал ёс заншил юм. Нэг нас, арван нас хамаагүй таниас өмнө хорвоод мэндэлсэн бол түүнийг хүндлэх ёстой.

*Ажилч хичээнгүй бай. Солонгосчууд хөдөлгөөнтэй, ажилсаг хүмүүст дуртай. Нийгэмд хурдан уусч, хүмүүстэй ойр дотно болохын тулд нүүрэндээ инээмсэглэл тодруулж, хичээнгүй байгаарай.

Хийж болохгүй зүйлс

*Хурц шүүмжлэл өгөх хэрэггүй. Улс оронтой нь холбоотой зүйлсийг муулж, шүүмжилж болохгүй бөгөөд энэ нь уугуул оршин суугчдад таатай санагдахгүй.

*Тэдний тусламж, хоолны урилгаас татгалзаж болохгүй. Энэ нь тэднийг хүндлээгүй үйлдэлд тооцогдох учир тусламжийг нь талархан хүлээж аваарай.

*Гэрийн ахмад гишүүн, ажлын дээд албан тушаалтан хоолонд хүрэхээс өмнө урдуур нь орж, түрүүлж идэж болохгүй. Хүндлэл гэдэг тус улсад хамгийн чухал.

*Хоол идэж дуусгахаас өмнө ширээнээс босч болохгүй.Энэ нь маш бүдүүлэг үйлдэлд тооцогдох бөгөөд зайлшгүй шаардлагаар ширээнээс босох болсон бол шалтгаанаа тайлбарлаж, ширээний ард сууж байгаа хамгийн ахмад хүнээс зөвшөөрөл авах хэрэгтэй.

*Улаан балаар хүний нэр бичиж болохгүй. Энэ нь Солонгост муу ёр гэж тооцогддог. Мөн хүнд мэндчилгээ бичиж илгээхдээ улаан балаар бичиж болохгүй. Ер нь улаан өнгийн балнаас аль болох татгалзах хэрэгтэй болдог.

*Автобусанд суухдаа “жирэмсэн эхчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй” хүмүүст зориулсан тусгай суудалд сууж болохгүй. Хэдийгээр тус суудал хоосон байлаа ч, сууж болохгүй гэх бичигдээгүй дүрэм үйлчилдэг.