Солонгос улсад суралцдаг гадаад оюутны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Солонгос улсад суралцах хүсэлтэй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа билээ. Гэхдээ тэнд амьдрал хэрхэн өрнөдөг талаар эхлээд мэдээлэлтэй болох хэрэгтэй биш гэж үү? Та бүхэндээ сонирхолтой байх гэсэн үүднээс Солонгос улсад суралцдаг гадаад оюутны нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг талаар хүргэж байна.

Сайн байцгаана уу? Би Солонгос улсад ирээд хэдийн жил хагас болжээ. Та бүхэндээ өөрийн өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөдөг талаар хуваалцахаар шийдлээ.

Би одоохондоо хэлний бэлтгэлд суралцаж байгаа. Хичээл өглөө 9 цагаас эхэлдэг, нэг хичээл 50 минут үргэлжилж, 10 минут завсарладаг. Би сургуулийнхаа дотуур байранд амьдардаг тул өглөө эртлэн босч, сургууль руугаа явах гэж яарах хэрэг гардаггүй. Өглөө ихэвчлэн 7 цагт босдог. Мэдээж хувийн бэлтгэлээ хангаж, нүүрээ будаж, хичээлээ ялгана. Мөн өглөөний цайнд хөнгөн байдлаар хачиртай талх бэлтгээд эсвэл өндөг зайдас шарж идээд явдаг. Харин яарсан үедээ “convenience store”-с кимбаб, бургер идчихдэг.

8 цаг 30 минутанд байрнаасаа гараад сургууль руугаа орно. Кампус маань нэлээн том болохоор байрнаас сургууль руу 15-20 минут алхдаг. Хичээл 9 цагт эхлээд 12:50 гэж тарна. Өдөр ихэвчлэн найзуудтайгаа хамт гадуур хооллодог. Хичээлийн дараа найзуудтайгаа хамт кафе орж, гадуур алхаж эсвэл номын санд хамтдаа суух нь бий. 

Зарим өдөр ажил хийдэг. Ажил хийдэг өдрүүдэд хичээлээ дуусгаад хоолоо идчихээд ажил руугаа яваад, орой тарьж байрандаа ирнэ. Гэртээ ирээд хичээлүүдээ хийж, миний нэг өдөр дуусдаг. 

Амралтын өдрүүд болон ажилгүй өдрүүдэд Солонгос улсын соёлтой танилцах үүднээс гадуур явах дуртай. Солонгост үзэж харах зүйлс олон учир хийх зүйл олдохгүй, гиюүрч сууна гэж харин ч байхгүй шүү. Шалгалт ойртсон үед бол номын сан маш их ачаалалтай болдог. Хүүхдүүд бүгд л өөр өөрийн хичээлд төвлөрч, хажууд нь юу болж байгааг анхаарах сөхөөгүй бүгд хичээллэнэ. Тийм орчин нөхцөлд орохоор хэн ч байсан хичээлээ хийдэг болчихдог юм байна лээ.

Оройн хоолоо байрандаа өөрөө хийж иддэг. Хоолоо идэж дуусаад шууд л хичээл рүүгээ ханцуй шамлан орно доо. Зарим өдөр хоолоо идчихээд хоолоо шингээхээр зааланд очиж найзуудтайгаа сагс тоглодог.

Хэлний бэлтгэлд сууж байгаа болохоор гадаад хүүхдүүдтэй их найз болдог. Солонгост суралцахаар ирсэн хүүхдүүдийн ихэнх нь Вьетнам болон Узбек байдаг. Олон орны хүүхдүүдтэй найз нөхөд болж, их зүйлс сурч мэдэж авах үнэхээр сонирхолтой.

Би Зүүн Азийн улсаас ирсэн болохоор Европ хүүхдүүдтэй ч их найзалж, Солонгос хэлний хажуугаар Англи хэл дажгүй гэж хэлж болох түвшинд сурчихсандаа их олзуурхдаг шүү. Мөн энд багш нар нь их найрсаг. Хүний нутагт сурах гэж зүдэрч байгаа гээд бидэнд их сайн хандаж, бүх зүйлийг зааж өгдөг. Намайг нэг удаа бие өвдөхөд багш маань дагуулж эмнэлэгт үзүүлж, хоол авч өгсөн. Сайхан сэтгэлтэй хүмүүс олон болохоор энэ улсад улам бүр дурлаж байгаа. Удахгүй хэлний бэлтгэлээ дуусгаад их сургуульд элсэн орохоор бэлтгэж байгаа учраас төрөл бүрийн эссэ бичиж, багшаараа засуулж, өдөр бүр хичээж байна.