Солонгос улсад суралцах шалтгаанууд

Сүүлийн үед зөвхөн Азийн улс орон гэлтгүй Европ сурагчид ч Өмнөд Солонгосыг зорин суралцах болсон. Тэгвэл үүний шалтгаан чухам юу юм бол? Энэ талаар хамтдаа судалж, Солонгосыг сонгож суралцах шалтгаануудыг мэдэж авцгаая.

Сургалтын чанар

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар тус улсын сургалтын чанар нь нэгт жагсдаг. Солонгосын их, дээд сургуулиуд нь мэргэжил, чиглэлээсээ хамаарч 2 болон 4 жилийн сургалттай байдаг. 4 жилийн дээд сургуульд дээд боловсрол эзэмшиж онолын талын хичээлүүдийг түлхүү үздэг байхад, 2 жилийн техник мэргэжлийн сургуульд ажил мэргэжилтэй холбоотой мэргэжлийн технологийг сурдаг.

Их дээд сургуулийн чанарыг дээд зэргээр хангахын төлөө боловсролын яамнаас сургуулийн багш ажилтан, боловсролын хөтөлбөр, тохижилт, эрдмийн зэрэг олгох зэрэгт тодорхой шаардлага тавьдаг. Боловсролын яамнаас эхлээд солонгосын их дээд сургуулиуд нь олон улс дахь өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх болон улс хоорондын харилцаа хамтын ажиллагааг төлөвлөхийн тулд гадаад оюутан сургах талд идэвхитэй оролцдог.

Гадаадын оюутнуудад үзүүлдэг Солонгосын засгийн газрын дэмжлэг

1967 оноос хойш Солонгосын засгийн газар 148 орны оюутнуудад 7000 гаруй тэтгэлэг олгожээ. Үүнээс гадна жил бүр 2000 орчим олон улсын оюутнуудыг үнэ төлбөргүй суралцуулдаг. БНСУ-ын ЗГ нь гадаад оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба хамрагдах оюутнуудын тоог жилээс жилд нэмэгдүүлж байна. Одоогоор Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам, Мэдээлэл харилцааны яам, Соёл, аялал жуулчлалын яам, Гадаад хэрэг, худалдааны яам зэрэг яамдуудаас гадаадын оюутнуудад тэтгэлэг олгож байгаа аж.

Амьдралын өртөг

Өмнөд Солонгост суралцахад хамгийн том түлхэц болдог шалтгаануудын нэг бол амьдралын өртөг. Тус улс нь Европын хөгжингүй орнуудаас хөгжилөөр хоцрогдохгүй төдийгүй амьдрахад таатай хэмээгддэг. Хамгийн гол нь тэдгээр орнуудаас амьдралын өртөг харьцангуй бага буюу боломжийн гэдгээрээ хүмүүсийг татдаг.

Kpop хөгжмийн урсгал

Сүүлийн үед Kpop хөгжмийн урсгал дэлхий нийтээр эрчийг авч, хүүхэд залуусыг байлдан дагуулж байгаа билээ. Үүгээр дамжуулан залуус Солонгос улсыг илүүтэй сонирхох болж, тэнд оршин сууж, амьдрах хүсэл нь улам бүр давамгайлах болсон байна. Өөрийн хайртай, дуртай idol-оо харах гэж, тоглолтыг нь үзэх боломжийг алдахгүй гэж Солонгост суралцдаг оюутнууд ч цөөнгүй. 

Оюутны амьдрал

Тус улсын оюутны амьдрал сонирхолтой бас дурсамж дүүрэн. Оюутнуудын хичээллэх боломжийг бүрэн дүүрэн хангаж өгсөн байхаас гадна дотуур байр нь тав тухтай. Оюутны дотуур байранд бялдаржуулах төв, бүжгийн танхим, биеийн тамирын заал, хичээллэх өрөө гээд л чөлөөт цагаа зөв боловсон, сонирхолтой өнгөрүүлэх боломжуудаар хангадаг. Мөн хичээлийн дараа найз нөхөдтэйгээ хамт хийж болох сонирхолтой зүйлсийг дурдаад байвал дуусахгүй. Тиймдээ ч оюутан насаа дурсамж дүүрэн өнгөрүүлэхээр Солонгос зорих залуусын цуваа нэмэгдсээр байна.

Солонгосын соёл, амьдрахад таатай нөхцөл

Солонгос улс нь ард иргэд, оршин суугчдаа аль болох тав тухтай байдлаар амьдрах нөхцлийг бүрдүүлж өгдөг. Оршин суугчдаа өдөр тутмын амьдралдаа нийгмээс стресс авахгүй байхаар шийдвэрлэж өгсөн байх бөгөөд тэр ч утгаараа амьдрахад таатай улс орнуудын жагсаалтад дээгүүр бичигддэг. Энэ нь оюутнууд Солонгос зорин суралцах болсон нэгээхэн шалтгаан юм. Техник технологийн дэвшил нь хүмүүсийн өдөр тутмын асуудлыг хөнгөвчилж, улам бүр амьдрахад амар хялбар болгосоор байна.