Солонгос улсаас суралцах 6 чухал зүйл

Хүн бүр ая тухтай, амар тайван, стрессгүй амьдрахыг хүсдэггүй гэж үү? Харин тэрхүү стрессгүй амьдрах боломжийг ард иргэддээ олгох нь улс орны үүрэг. Тус үүргээ давуулан биелүүлж байгаа улсуудын жагсаалтад Өмнөд Солонгос улс дээгүүр бичигддэг. Тиймдээ ч Ази төдийгүй Европын улс орнууд Солонгосоос суралцаж, даган дуурайх нь элбэг. Өнөөдөр та бүхэндээ Солонгос улсаас суралцах 6 зүйлийг хүргэж байна.

Өндөр хөгжсөн нийтийн тээврийн хэрэгслийн систем

Метро, автобус, галт тэрэг зэрэг нийтийн тээврийн хэрэгсэл нь оршин суугчдыг ямар ч саадгүйгээр Солонгос улсыг тойрон аялах, хүссэн газраа хүрэх боломжоор хангаж өгдөг. Унаандаа багтахгүй байх, түгжрэх, унаа нь цагаасаа хоцорч хөдлөх, тав тухгүй байх, хүмүүстэй чихэлдэх зэрэг асуудлыг ор тас мартах хэрэгтэй. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийг маш сайн шийдэж өгсөн нь нийслэл хотод бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж чадсан. Пусанаас Сөүл (329 км зам) ороход галт тэргээр 2 цаг гаран яваад очно. Тийм байхад хүмүүс заавал нийслэл хотод амьдрах гэж дайрдаггүй бөгөөд өдөр бүр том хот руу явж, ажлаа амжуулах нь бий. Мөн 30 минут тутам хот хоорондын автобус, галт тэргүүд хөдөлж байдаг учир унаа олдохгүй байх вий гэх айдасгүйгээр ард иргэд нь амьдарч байна.

Улс орныхоо хөгжилд хүн бүр гар бие оролцдог

1997 онд Тайландын үндэсний мөнгөн тэмдэгт болох батын ханшийн уналтаар эхэлсэн санхүүгийн хямрал Азийг бүхэлд нь бүрхсэн юм. Зүүн Азийн санхүүгийн хямрал нэрээр түүхэнд бичигдсэн энэ хямрал дэлхийн хэмжээний санхүүгийн хямрал байлаа. Солонгосчууд дайны дараахь үнс нурман дундаас босгосон хүчирхэг эдийн засгаа 1997 оны санхүүгийн хямралд сүйрүүлэхгүй аварч үлдэхийн тулд үнэ цэнэтэй гэсэн бүхнээ улсдаа өргөж байв.

1997 онд Солонгосчууд ОУВС-гаас авсан зээлийнхээ хүүг төлөх гэж хандив цуглуулж байсан бөгөөд 3.5 сая гаруй хүмүүс өөрт байгаа үнэ цэнэтэй бүхнээ улсдаа өгөх гэж оочер дугаар үүсгэж байв. Тэд өөрсдийн алтан ээмэг бөгж, өв уламжлагдаж ирсэн үнэ цэнэтэй зүйлс гээд гэртээ идэх хоолгүй байсан ч хамаагүй улс орноо өрнөөс гаргах гэж хамаг байдгаа барьж байсан төдийгүй нийтдээ 2.2 тэрбум долларыг босгож чадсан байдаг. Тэдний энэхүү эх оронч үзлээс хүн бүр суралцах хэрэгтэй биш гэж үү?

Ахмадаа хүндлэх үзэл

Хэдийгээр цаг үе өөр болж байгаа ч гэсэн Солонгосчууд өв уламжлалаа орхигдуулах нь бүү хэл улам бүр дэлгэрүүлэн түгээж байгаа. Тэдэн дундаас гадны улс орнууд суралцаж болох зүйл бол нэгнээ хүндлэх хүндлэл юм. Тус улсад өөрөөс нь нэг насаар ах байсан ч хамаагүй хүндэлж харьцах хэрэгтэй. Харин ах эсвэл эгч нь дүү нараа харж хандаж, үүрэг хариуцлага хүлээнэ.

Хоолны соёл

Та Солонгосчууд яагаад бүгд туранхай байдаг, арьс нь гоёороо байдаг талаар гайхаж байсан уу? Энэ нь тэдний идэж уудаг зүйлстэй холбоотой. Солонгосчууд хүний биед ач тустай маш олон төрлийн ногоо иддэг бөгөөд энэ нь тэднийг урт удаан амьдрахад онцгой нөлөө үзүүлнэ. Европын төрөл бүрийн хоолны сүлжээнүүд тус улсад орж ирдэг ч, ард иргэд нь үндэсний хоолоо илүүд үзэж, үндэсний үйлдвэрлэлээ ихээхэн дэмждэг.

Хувцаслалт

Солонгосчууд хувцаслалтандаа маш их анхаардаг. Тэд өөрт тохирсон стилээр маш цэвэрхэн, дэгжин хувцаслаж чаддаг. Энэ нь тэдэнд олгодог тоолж баршгүй олон хувцас загварууд, хүргэлтийн үйлчилгээнүүд, дэлгүүр хэсэг ажлыг хөнгөвчилж өгсөн санаанууд, нэмээд цочир хямдралуудтай холбоотой болов уу.

Солонгосын дэлгүүрүүдээс өөрт таалагдсан хувцсаа олж чадалгүй гарна гэж үгүй. Тэнд маш олон төрлийн хувцсыг размер бүрээр эгнүүлэн өрсөн байх төдийгүй үнийн хувьд боломжийн. Үүнээс улбаалж, Солонгосчууд хүссэн загвараараа хямдхан хувцаслаад, хүний нүдэнд ч таатай харагдаж чаддаг.

Хогоо ялгаж хаях

Хогоо хаях үедээ ангилж (ердийн хог, хоолны хаягдал, дахин боловсруулах хог хаягдал) зориулалтын хогийн уутанд хийж тогтоосон хог хаях цэгт аваачиж хаяна. Хог хаягдлыг гол төлөв өглөө эрт авч явдаг тул оройн 10 цагаас үүрийн 5 цагийн хооронд хаядаг. Хог хаягдлыг зохих журмын дагуу ялгаж, ууталж хаяхгүй бол хогны машин авч явдаггүй бөгөөд бүр ноцтой тохиолдолд торгууль хүртэл оногдуулдаг.