Солонгос охид өдөр тутамдаа хэрхэн хувцасладаг вэ?

Солонгос охид бүсгүйчүүд загварлаг гэдгээрээ алдартай. Тэдний хувцаслалтаас санаа авч, даган дуурайх хүмүүс олон. Зөвхөн Ази гэлтгүй барууны орны бүсгүйчүүд ч мөн Солонгос загварын трэндийг онцгойлж, адилхан хувцаслахыг хүсэх болжээ. Үүнээс тус улсын загварын салбар хэчнээн том цар хүрээг хамардаг болохыг илхэн харж болно. Тэгвэл одоо хамтдаа Солонгос охидын өдөр тутмын хувцаслалт, ямар загварыг голчлон сонгодог зэрэг талаарх мэдээллийг сонирхоцгооё.

Уранхай жинс

Тэдний өдөр тутамдаа ямар ч эргэлзээгүйгээр сонгон өмсдөг хувцас бол уранхай жинс юм. Энэ нь тэдний загварлаг байдлыг илүүтэй тодотгож өгөх төдийгүй ямар ч хувцаслалттай тохирдог тул өөртөө итгэлтэй, бас тухтай байх боломжоор хангадаг.

Цамцан дээгүүр өмсдөг даашинз

Солонгос бүсгүйчүүд мөр цээжээ төдийлөн ил гаргах дургүй. Тиймдээ ч хавар, намрын улиралд нимгэн цамцан дээгүүр цэцгэн хээтэй өнгөлөг даашинз өмсөж, эмэгтэйлэг, дур булаам төрхөө тодотгодог байна.

Пастел өнгийн хувцас

Тус өнгийн хувцас нь залуу нас, гоо үзэсгэлэн, өхөөрдөм байдлын илэрхийлэл болдог. Харин эдгээр үгс нь Солонгос охидын тодотгол биш гэж үү? Пастел өнгийн хувцсаар цайвар царайгаа улам бүр тодотгож, цэвэрхэн хийгээд дэгжин харагддаг аж.

Малгай

Малгай бол тэдний хувцаслалтын салшгүй нэг хэсэг. Жирийн Солонгос бүсгүйн шүүгээнд дор хаяж 4-5 өөр төрлийн малгай байдаг. Хувцаслалттайгаа тохируулж малгай өмсөж, имиджээ цогцоор нь бүрдүүлдэг.

Сул, нэвсгэр цамц

Солонгос бүсгүйчүүдийн хувцаслалтын хамгийн том тодотгол бол нэвсгэр, сул загварын хувцас. Тэр дундаа нэвсгэр цамцыг өдөр тутамдаа өмсдөг. Энэ нь биед тухтай төдийгүй загварлаг харагдуулдаг.

Эмэгтэйлэг цамц

Энэ төрлийн цамцыг цэцэг, эрвээхийтэй адилтгаж үздэг. Дэрвэгэр, торон цамц нь эмэгтэйлэг төрхийг илүүтэй тодотгож, дур булаам харагдуулна.

Кет болон пүүз

Тэд өндөр өсгийтөөс илүүтэй кет, пүүзийг сонгож өмсдөг. Даашинз, банзал өмссөн байлаа ч доогуур нь кет, пүүз өмсчихдөг. Хамгийн гайхалтай нь тус хослол нь үнэхээр загварлаг харагдаж чаддаг. Эмэгтэй хүн өндөр өсгийт өмссөн үедээ хамгийн халуухан, сэтгэл татам харагддаг гэх үзлийг тэд өөрчлөөд удаж байна.

Энгийн хүрэм

Сэрүүн өдрүүдэд тэдний хамгийн эхний сонголт бол хүрэм байдаг. Хүрмийг төрөл бүрээр өмсөж амилуулдаг.

Давхар хувцас

Тэд хоёроос гурван хувцас давхарлаж өмсдөг. Хүзүүтэй цамцны гадуур сорочки, гадуур нь хүрэм… Үнэхээр янзтай харагдахгүй гэж үү?