Солонгос залуус ганц бие амьдралыг сонгох болсон шалтгаан юу вэ?

Өмнөд Солонгос улсад амьдарч буй ганц бие хүмүүсийн хамгийн их сонсдог бас сонсохыг хүсдэггүй асуулт бол “Хэзээ гэрлэх гэж байна?”. 30 гарсан залуус болон бүсгүйчүүдээс хамаатан садан, гэр бүлийнхэн хийгээд найз нөхөд нь хүртэл хэзээ гэрлэхийг нь хүлээж, гайхширч суудаг. Энэ бухимдуулах асуултаас болж, сүүлийн жилүүдэд Солонгос залуус гэрлэлтээс татгалзахад хүрээд байна.

БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн харилцааны хүрээлэнгийн гаргасан судалгаагаар 2012 оны байдлаар 20-аас 44 хүртэлх насны хүмүүсийн 40-ээс бага хувь нь идэвхтэй болздог байсан нь тогтоогджээ. Мөн уламжлалт гэрлэлтийн эзлэх хувь бага байсан аж.

2015 онд 25-29 насны эмэгтэйчүүдийн 77 хувь, эрэгтэйчүүдийн 90 хувь нь гэрлээгүй байсан тухай “The Korea Herald” сонинд мэдээлжээ. 30-аас 34 насны хүмүүсийн дунд энэ үзүүлэлт 56 хувь байсан бол 40-45 насныханд 33 хувь болж буурсан гэж тайланд дурджээ.

2013 онд хийсэн судалгаагаар Өмнөд Солонгосын хосууд гэр бүл болохын тулд дунджаар 90,000 ам.доллар зарцуулдаг болохыг батлажээ. Үүнд байрны зардал, хүргэний хуримын бэлэг болон бусад зүйл багтана.
Эдийн засгийн дарамт хоёуланд нь тулгарах учир хүмүүс гэрлэлтээс зугтдаг байна.

Саяхан солонгос залуутай гэр бүл болсон Австрали эмэгтэй гэрлэлтийг худалдаа наймаатай адил хэмээжээ. “Хүүгийн гэр бүл алдартай нэртэй эсвэл хүү нь эмч бол тэр гэр бүл нь эмэгтэйн гэр бүлээс их хэмжээний төлбөр авах боломжтой гэж үздэг. Учир нь тэд нийгэмд өндөр статустай гэж хүлээн зөвшөөрдөг болохоор тэд бусдаас ямар нэгэн байдлаар татвар авах ёстой гэж ойлгодог” хэмээжээ.

Цаашлаад тэдний хурим хийж, гэр бүлтэй болохоос татгалзах болсон нэг шалтгаан нь ар гэрээ авч явах, хүүхдээ өсгөх зардал юм. ЭЗХАХБ-ын мэдээллээс харахад 2017 онд Өмнөд Солонгос улсын дундаж хүн АНУ-тай харьцуулахад бараг 250 цаг, Германыхаас 424 цаг илүү ажилласан байна. Тэд ар гэрийн дарамт, тэдний хэрэглээг хангахын тулд мал мэт ажиллаж, өөрийгөө умартах хэрэгтэй болдог. Харин хүүхэдтэй болоод ирэхэд энэ бүхэн илүү хүндэрнэ.

Хүүхдээ өсгөхийн тулд тэд дор хаяж хэдэн зуун сая воны хөрөнгөтэй байх шаардлагатай болно. Хүүхдээ багаас нь төрөл бүрийн дамжаа, сургалтанд хамруулж, төлбөрийг төлж, цаашлаад их дээд сургуулийн төлбөрт унахын зэрэгцээ хооллох, хувцаслах, бүх хэрэгцээг хангах гээд толгойд буумгүй их мөнгөний тооцоо гарч ирдэг. Энэ бүгдийг нуруун дээрээ үүрч, амьдралаа тэр чигээр нь мөнгөний төлөөх тэмцэл болгохгүйн тулд залуус гэрлэлтээс татгалзах болоод байгаа юм.

Эмэгтэйчүүдийн тухайд тэд хүнтэй суувал, карьераа орхиж, гэртээ суух хэрэгтэй болдог. Эрт цаг үеэс уламжлагдаж ирсэн энэ заншлыг охид бүсгүйчүүд дэмжихээ больсон учир, гэрлэлтээс татгалзаж, өөрийнхөөрөө амьдралыг илүү хөгжилтэй, хүссэн бүхнээ хийж өнгөрүүлэхийг зорьдог болжээ.