Солонгосын тээврийн хэрэгслийн систем ямар байдаг вэ?

Аль ч улсад очсон тухайн орны тээврийн системийн тодорхой мэдлэгтэй болсон байх хэрэгтэй. Эс бөгөөс хаана юунд сууж, зорьсон газраа очихоо мэдэхгүй баларч орхино. Тэгвэл одоо хамтдаа Солонгос улсын тээврийн системийн талаар ерөнхий мэдээлэлтэй болж авцгаая.

Газрын зураг аппликейшн

Солонгост очсон даруйдаа “Naver Map”, “KAKAO Map” зэрэг аяллын аппликейшнийг татаж аваарай. “KAKAO Map” нь англи хэл дээр ашиглах боломжтой төдийгүй Солонгос улсын газрын зургийг нарийвчлалтайгаар үзүүлэх бөгөөд хаанаас ямар автобусанд сууж, хаана хүрэх боломжтойг хэлж өгнө. “Naver Map” нь англи, хятад, япон хэл дээр байдаг бөгөөд очихыг хүссэн газраа бичихэд л танд ойлгомжтойгоор замыг зааж өгөх юм.

Нийтийн тээврийн хэрэгслийн карт

Нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ дараах картуудын аль нэгийг авах шаардлагатай. Карт тус бүр өөр өөр зориулалттай бөгөөд өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн картыг авна. Картаа мөнгөөр цэнэглэж, нийтийн тээврийн хэрэгсэлд суух бүртээ уншуулж, мөнгөө хасуулна. Мөн автобус, метроноос буухдаа картаа карт уншигчид дарж, хэр хол замыг туулснаа баримтжуулаарай.

Автобус

Өмнөд Солонгост хот доторх болон хот хоорондын олон автобусууд байдаг бөгөөд бүгд чиглэлийн дагуу хөдөлгөөнд оролцоно. Автобусны маршрут бүрийг тусгай өнгө, дугаараар тэмдэглэж ялгадаг бөгөөд автобусны дугаарыг томоор тодоор тэмдэглэсэн байдаг. Ингэснээр хөгшин настай, хараа нь муудсан хүмүүс ч автобусаа хялбархан таних боломжийг олгоно.

Хот хоорондын автобуснууд 30 минут тутамд замдаа гардаг бөгөөд ингэснээр хүмүүс багтахгүй үлдэх, унаанаас хоцрох гэх зэрэг асуудлаас сэргийлнэ. Үүний бас нэг давуу тал нь хүмүүс нийслэл хотдоо шавахгүйгээр, ойр орчмын дагуул хотуудад амьдарч, өдөр тутамдаа хүссэн үедээ автобусаар төв рүү ордог.

Автобусанд хоол идэхийг хориглодог бөгөөд төлбөрөө картаар эсвэл бэлнээр төлөх боломжтой. Өөр нэг анхаарах ёстой зүйл нь автобусны өнгө өнгөөр ялгарах суудлууд. Тус суудлууд нь жирэмсэн эхчүүд болон настай хүмүүст зориулагдсан бөгөөд энгийн иргэд суухыг хориглодог.

Метро

Дэлхийн бусад томоохон хотуудын метроны нэгэн адил Сөүлийн метро ачаалал ихтэй. Сөүлийн метронд 17 шугам байдаг бөгөөд тээврийн хэрэгслийн аппликейшн ашиглаад, ямар метронд сууж хаана хүрэх боломжтой мөн хамгийн ойр метроны буудал хаана байгааг мэдэж аваарай.

Галт тэрэг

Автобус, метроны нэгэн адил галт тэрэгний чиглэл олон. Солонгос даяар тархсан зургаан тусдаа шугам бүхий стандарт галт тэрэгний систем бий. Энэ нь Солонгос улсын бүх хотуудаар аялах харьцангуй хямд, тав тухтай сонголт хэмээн нэрлэгддэг. Сөүлд ажилладаг боловч жижиг хотуудад амьдардаг хүмүүс олон. Тэд өглөөдөө галт тэргэнд суугаад тухтай явж ажилдаа ирээд, оройдоо мөн адил буцаж явдаг.