Солонгосын алдарт “BTS” хамтлагийн алдартан найзууд

Яг одоо дэлхийн хамгийн алдартай хамтлаг гэвэл ямар ч эргэлзээгүйгээр BTS буюу Bangtan Boys-ийг нэрлэнэ. Үүнтэй маргах хүн ч гарч ирэхгүй биз ээ. Учир нь тэдний гаргасан дуу бүхэн чартуудыг тэргүүлж, гаргасан цомог бүр нь +3 сая давсан борлуулалт хийж, хийсэн тоглолтын бүрийнх нь тасалбар зарагдаж эхэлсэн эхний 10 минутанд дуусдаг. Асар их нэр хүндийг авч яваа тэднийг шүтэн бишэрдэг, дуунуудыг нь сонсдог, фен нь гэх зэргээр тэдний талаар дурдсан дэлхийн одууд буюу барууны уран бүтээлчид олон. Тэдэн дундаас BTS-тэй илүү дотно, найзууд гэж хэлэгдэж болохуйц барууны уран бүтээлчдийг танилцуулж байна.

Холси

Дуучин бүсгүй гоёмсог дуу хоолой мөн үргэлж өөрийнхөөрөө байж чаддаг, өвөрмөц нэгэн гэдгээрээ алдартай. Тэрээр анх 2017 онд BTS хамтлагийн гишүүдтэй танилцаж, тэдний уран бүтээл өөрт нь таалагддаг гэдгийг хэлж, зургаа авахуулж байжээ. Харин уран бүтээлчид 2018 онд хамтран “Boy with love” дууг гаргаж, олон олон амжилтыг эвдсэн. Тэр бүү хэл хамтдаа BBMA, Jingle Ball зэрэг хөгжмийн наадмуудын тайзан дээр гарч, хэд хэдэн шоу нэвтрүүлэгт хамт оролцож, хэчнээн дотно болохоо харуулаад амжсан. Холси тэдний тухай хөгжилтэй дурсамжуудаа хуваалцаж, тэднийг хэчнээн бүтээлч, тууштай, хичээнгүй хүмүүс болохыг дурдаж, хамтлагийн гишүүдийг сайн найзууд минь гэж онцолдог.

Үүний баталгаа болгож, тэд уулзах бүртээ бие биедээ бэлэг өгдөг бөгөөд сүүлд BTS хамтлагийнхан Холсид өөрсдийн микрофонтой ижил гялалзсан микрофон бэлэглэсэн нь тэдний нөхөрлөл хэчнээн нандин болохыг илэрхийлнэ. Үүнээс гадна Холси BTS хамтлагийн реппер, продюсер Шюгатай хамтарч дуу хийж, өөрийн цомогтой багтаасан нь фенүүддээ барьсан гайхалтай гэнэтийн бэлэг болсон билээ.

Ариана Гранде

Дэлхий нийтээр нэр алдар нь түгсэн, яг одоо хамгийн амжилттай яваа дуучин гэвэл Ариана Грандег нэрлэхэд буруудах зүйлгүй. Тэгвэл тэрээр хэд хэдэн удаа BTS хамтлагтай холбогдож, хамт авахуулсан зургаа инстаграмдаа байрлуулж, ёстой л шуугиан дэгдээсэн.

Үүнээс гадна BTS хамтлагийн гол хоолой, отгон гишүүн Жон Жонгүг Америкд хийсэн аялан тоглолтынхоо үеэр Арианагийн тоглолтыг үзэж, тайзны ард түүнтэй уулзаж, зургаа авахуулаад амжсан билээ. Үүнийг нь Ариана “Ирсэнд баярлалаа, маш их хайртай шүү” гэсэн тайлбартайгаар инстаграмдаа оруулсан төдийгүй өөрсдийн хамт авахуулсан зургаа утасны дэлгэцэн дээрээ байршуулснаа скрийн шот хийж, сторидоо оруулж, хүмүүсийг зүрхээр явуулах шахсан.

Лаав

Түүний уянгалаг хоолойнд дурлахгүй хүн гэж үгүй. Үргэлж хүмүүсийн чихийг бясгасан дуу бүтээдэг чадварлаг уран бүтээлч нь BTS-ийн гишүүдтэй дотно найзууд. Тэд хамтдаа  BTS хамтлагийн Make it right (Эд Шерэн продюсерлэсэн) дууг хамтран дуулж, хүмүүст хүргэсэн төдийгүй хамтдаа ярилцлаганд орж, хамтран ажиллах хэчнээн таатай байсан талаар хуваалцсан. Үүнээс гадна Лаавд арми тун ч дуртай. Учир нь тэрээр ямагт  BTS-г дэмжиж, өөрийн сошиал хаягаар дамжуулан тэдэнд хайраа илгээдэг нэгэн.

Мөн  BTS хамтлагийн гишүүн Жон Жонгүг түүний “Never Not” дууг коверлон дуулж, твиттерээр дамжуулан цацсан нь маш их хүнд хүрч, тус дууг эргээд хүмүүсийн playlist-д оруулж ирсэн билээ. Үүнд Лаав ч мөн талархаж, твиттер хуудсаар дамжуулан, “Баярлалаа, хайртай шүү” хэмээсэн. Мөн дуучин Лаав  BTS-ийн Америкд хийсэн тоглолтыг очиж үзэн, залуустай тайзны ард дотно яриа өрнүүлж, зургаа авахуулж, дурсамжаа баталгаажуулсан юм. Одоо тэд үргэлж нэгнээ дэмждэг сайн найзууд.

Макс

Түүнийг өнгөлөг гэх үгээр тодорхойлох ёстой байх. Тэрээр хүмүүсийн дунд төдийлөн алдартай нэгэн биш ч гэлээ, үргэлж чанартай уран бүтээл гаргаж, богино хугацаанд чамгүй амжилттай яваа нэгэн. Дуучин Макс сүүлийн үед арми нарын хайрыг тун ч их татах болсон. Тэрээр  BTS хамтлагийн реппер, продюсер Шюгатай хамтарч 2 ч дуу гаргасан бөгөөд нэг нь AgustD-ийн D2 mixtape-д багтсан “Burn It” гэх дуу бол, нөгөөх нь Максын сүүлд гаргасан шинэхэн цомгийн “Blueberry eyes” гэх дуу юм.

Тэд тун ч сайн найзууд болсон төдийгүй хамтдаа дуугаа хийхээс гадна сагсанбөмбөгийн Лос Анжелес Лейкэрс багийн тоглолтыг үзэж, цагийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн. Макс Шюгагийн тухай өөрийн инстаграм хуудаснаа оруулж, Найз минь гэж онцолдог. Мөн сүүлд тэрээр “Blueberry eyes” дууны Шюгагийн солонгосоор үглэсэн хэсгийг эхнэртэйгээ хамт цээжилж сурч, клипний зураг авалтандаа бэлтгэж буй бичлэгээ инстаграмдаа оруулсан нь арми нарын хэмжээлшгүй их хайранд умбахад хүргэсэн юм.

Ансель Эльгорт

“Fault in our stars” киноны дүрээрээ алдартай жүжигчин Ансель бол BTS-ийн том фен төдийгүй сайн найз. Тэрээр анх BTS-ийн BBMA-ийн тайзан дээрх үзүүлбэрийг утсан дээрээ бичиж аван, дууг нь даган дуулж, хүмүүсийн хараанд өртөж, тэдний фен гэдгээ олонд мэдэгдсэн.

Үүний дараа тэдний хамтдаа авахуулсан зургууд цацагдаж эхэлсэн төдийгүй Анселийн инстаграм стори, твиттер шинэчлэлтэд тэдний хамтдаа хөгжилдөж байгаа бичлэгүүд байршсан билээ. Хэдийгээр тэд нэг хэлээр ярьдаггүй ч гэлээ, хоорондоо сайн ойлголцож, дотно болсон аж.