Коронавирусээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах зөвлөмж

Аймшигт цар тахлын үед бид дор бүрнээ хичээж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах үүрэгтэй. Аль болох сандарч, тэвдэхгүй тайван байж, эрүүл мэнддээ анхаарч байх нь чухал билээ. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн өөрийгөө болон бусдыг энэхүү аюулт өвчнөөс сэргийлэх тухай заавар, зөвлөмжийг хүргэж байна.

Маскаа тогтмол зүүх

Өөрийгөө хамгаалах хамгийн эхний алхам бол маск зүүх юм. Энэ нь халдварын эрсдлийг бууруулах бөгөөд таны өөрт хийж буй хамгийн чухал хамгаалалт билээ. Маскаа 2 цаг тутамд сольж, хэрэглэсэн маскаа дотор талаар нь эргүүлж боогоод, хогийн саванд хийгээрэй.

Гараа сайтар угааж, ариутгах

Хүний гар хамгийн бохир байдаг бөгөөд нян зөөвөрлөх гол хэрэглүүр болдог. Тиймээс ариун цэврийн өрөө орсны дараа, гадуур яваад гэртээ орж ирээд, бохир зүйлсэд хүрсний дараа гээд цаг ямагт гараа савандаж сайтар угаана. Үүний дараа ахин ариутгагчаар ариутгаарай. Ингэснээр та гараа гүйцэт цэвэрлэж чадлаа гэж санаа амарч болно.

Гэр болон албан тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийх

Гэр болон албан тасалгаагаа цэвэрлэж, ариутгагч бодисоор арчиарай. Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, цэвэр цэмцгэр байдлыг зайлшгүй мөрдөх шаардлагатай.

Агаар сайн оруулах

Гэр болон албан тасалгаагаа сайтар цэвэрлэж байхаас гадна цонхоо онгойлгож, агаарын солилцоо явуулж байгаарай.

Зайгаа барих

Олон хүн овоорсон газруудаар явахгүй байх, бусадтай хэт ойртохгүй байх, бусадтай гар барихгүй байх зэрэг зөвлөмжийг дагаарай. Таны хайхрамжгүй хийсэн ганц үйлдэл аймшигт аюулыг дуудаж мэдэх тул болгоомж илүүдэхгүй.

Дархлаагаа дэмжиж, шим тэжээлээр баялаг хоол хүнс идэх

Дархлаагаа дэмжиж, эрүүл бас зөв хооллож, шим тэжээл биедээ хуримтлуулах хэрэгтэй. Шөл устай халуун хоол сайн идэж, шингэж зүйл ч их хэмжээгээр уугаарай. Энэ л таны эрүүл үлдэж чадах энгийн боловч үр дүнтэй арга шүү.

Сэтгэл санаагаа тайван байлгах

Сэтгэл санааны байдал, айдас түгшүүр нь эрүүл мэнд, тэр дундаа дархлаанд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс эрүүл байхын тулд сэтгэл санаагаа аль болох тайван байлгаарай.