Ганцаараа амьдрахад тохиромжтой “Гошивон” сууц ямар байдаг вэ?

Өмнөд Солонгос улс нь тэнгэр баганадсан барилгууд, амттай хоол, олон төрлийн соёл, техник технологийн дэвшлийн өлгий билээ.

Тус улсад орон сууц маш өндөр үнэтэй байдаг учир ихэнх ард иргэд нь түрээсийн байранд амьдардаг бөгөөд ганцаараа амьдардаг, түр оршин суугч хүмүүс нь “Гошивон” гэгдэх энэхүү сууцыг сонгодог. Түрээсийн үнэ харьцангуй бага төдийгүй маш олон таатай саналуудыг түрээслэгчид санал болгодог тул тун ч алдартай гэнэ. Ингээд хамтдаа Гошивоноор аялцгаая.

Гошивон нь үндсэндээ таны амьдрахад шаардлагатай бүх зүйлийг багтаасан жижиг өрөө юм. Энэ нь ойролцоогоор 15-20 метр квадрат талбайтай. Оюутан залуус, тус улсад түр ирсэн жуулчид, мөнгө багатай хүмүүс Гошивоныг сонгодог. Сарын түрээс нь 200 мянгаас 400 мянган воны хооронд хэлбэлздэг.

Гошивонд амьдрахын давуу талууд олон. Бүх тавилга цаанаасаа учир хувцсаа бариад ирэхэд л хангалттай. Түрээс хямд төдийгүй олдоц сайтай. Солонгосд байр түрээслэх маш хэцүү бөгөөд жижиг ганц өрөө байр байсан ч, заавал барьцаа мөнгө шаардагддаг. Харин Гошивон нь ийм зүйлийг шаардахгүй ба богино хугацаанд буюу багадаа 1 сар амьдрах гэрээ байгуулж болно.

Олон хүмүүс ажил хийж, олсон мөнгөө хурааж хуримтлуулахын тулд хямд үнэтэй Гошивонд байрладаг. Тэд мөнгөө хэмнэж, тэр хурааж хуримтлуулсан мөнгөөрөө амьдралаа босгодог байна. Нэг ёсондоо маш олон хүний амьдралын гараа Гошивоноос эхэлдэг гэж хэлж болох юм.

Өрөөнүүдэд танд хэрэгцээтэй бүх зүйлсийг байрлуулсан байх болно. Ор, ширээ, шүүгээ нь өрөө бүрт байх бол, дотроо угаалгын өрөө, шүршүүртэй өрөөний түрээс илүү өндөр болж ирнэ.

Гал тогооны тухайд ихэвчлэн бусад түрээслэгчидтэй дундаа хэрэглэдэг. Гал тогоонд мөн л хүнд хэрэгцээтэй бүх зүйлсийг бэлдсэн байх аж.

Гошивоноос түрээслэгчиддээ үнэгүй хоолыг санал болгодог. Үүнд будаа, кимчи, өндөг болон бусад хачир багтана. Мөн усыг хүссэн хэмжээгээр хэрэглэж болно.

Сар бүр түрээс дээр нэмэгдэж, хэрэглээний зардал нэмэгдэх ба энэ нь 50-100 мянган воны хооронд хэлбэлздэг байна.